• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"ШИЛДЭГ АЛБАНЫ НОХОЙ 2019" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-10-28

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн  Эрэлч нохойн албаны түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох арга тактикыг сайжруулах зорилгоор “Нэргүй сан”-тай хамтран “Шилдэг албаны нохой-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн болон цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны нэрэмжит алдрын булангийн нээлтийн арга хэмжээ энэ оны 10 дугаар сарын 25ы өдөр  Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдлаа.

Нээлтийн арга хэмжээнд цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны гэр бүл, төрөл төрөгсөд, “Нэргүй сан”-гийн тэргүүн, гишүүд, ахмад ажилтнууд, Цагдаагийн ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар Төмөр зам, Зэвсэгт хүчний 084  дүгээр анги, Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн захирагч, дарга нар болон албаны бусад хүмүүс болон тэмцээнд 7 байгууллагын 12 алба хаагч албаны нохойн хамт оролцож, нохойн төлөөлөгч, албаны нохойн ерөнхий дасгал, гадна, дотор орчинд ажиллах ур чадвараа шалгуулж өрсөлдсөн.

Тэмцээний үеэр болсон алдрын булангийн нээлтэд Г.Нэргүй агсны ажил, амьдрал, Руслан нохойны түүхийг харуулсан “Руслан бид хоёр” номын зохиолч, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн сэтгүүлч, редактор, цагдаагийн ахмад Б.Төгсжаргал номоо дурсгаж, Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн үлээвэр найрал хөгжимчид, Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын “Тэнгэр” хамтлаг ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн.

Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Онцгой байдлын ерөнхий газар, дэд байрт Гаалийн ерөнхий газар, гуравдугаар байрт Цагдаагийн ерөнхий газрын баг тус тус шалгарч, “Шилдэг алба хаагч”-аар Зэвсэг хүчний 084 дүгээр ангийн ахлах ахлагч Д.Эрдэнэ-Очир шалгарч өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Тэмцээн зохион байгуулах комисс, шүүгчид, ахмад ажилтнууд,  хүрэлцэн ирсэн байгууллагуудын удирдлагууд цаашид энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар ярилцан тогтож, ирэх 2020  оны тэмцээнийг Онцгой байдлын ерөнхий газар хариуцан зохион байгуулахаар болсон.