• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг та бүхэнд хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2003 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

 

 Улаанбаатар хот

 

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь бараа, бүтээгдэхүүн /цаашид “бараа” гэх/ худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх болон үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж

2.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

             3.1.1.“хэрэглэгч” гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг;

            3.1.2.“худалдагч” гэж зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран хэрэглэгчид бараагаа борлуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүнийг;

            3.1.3.“үйлдвэрлэгч” гэж зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран хэрэглэгчид борлуулах зорилгоор бараа үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүнийг;

            3.1.4.“гүйцэтгэгч” гэж зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран хэрэглэгчид төлбөртэй болон төлбөргүй ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүнийг;

            3.1.5.“баталгаат хугацаа” гэж үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд гаргаж өгсөн хугацааг;

            3.1.6.“ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх” гэж Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд тодорхойлсныг.

4 дүгээр зүйл.Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах зарчим

4.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дараахь зарчмыг баримтална:

4.1.1.зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх;

4.1.2.хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх;

4.1.3.хэрэглэгчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхол, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөх.


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ

5 дугаар зүйл. Чанар, аюулгүй байдлыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах хэрэглэгчийн эрх

5.1.Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй.

5.2.Хэрэглэгч баталгаат болон эдэлгээний хугацааны дотор барааны чанар, аюулгүй байдлаар хангагдах эрхтэй.

5.3.Хэрэв үйлдвэрлэгч удаан хугацаанд хэрэглэх бараанд баталгаат хугацаа тогтоогоогүй бол барааг худалдан авагчид шилжүүлсэн өдрөөс эхлэн хэрэглэгч хуульд өөрөөр заагаагүй бол 6 сарын хугацаанд барааны чанар, аюулгүй байдлын баталгаа авах эрхтэй.

5.4.Бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаагүйгээс хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хуулийн арван найм, тавин хоёрдугаар бүлэгт заасны дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрхтэй.

5.5.Хэрэглэгч чанаргүй бараа, ажил, үйлчилгээний улмаас зөрчигдсөн эрхээ хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаар дамжуулан хамгаалуулах эрхтэй.

5.6.Хэрэглэгч холбогдох баримт бичгийн дугаар, лизенц олгосон байгууллагын тухай мэдээлэл, үйлдвэрлэгчээс барааны талаар холбогдох хяналтын байгууллагаас олгосон зөвшөөрөл, чанар, аюулгүйн баталгаажилтын дүгнэлтийг шаардан үзэх эрхтэй.

6 дугаар зүйл.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас учирсан гэм хорыг арилгуулах, хохирлыг нөхөн төлүүлэх хэрэглэгчийн эрх

6.1.Хэрэглэгч үйлдвэрлэгчийн буруугаас өөрт учирсан гэм хорыг арилгуулах, хохирлыг нөхөн төлүүлэх замаар эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаална.

6.2.Бараанд биет байдлын доголдол /тоо, хэмжээ, чанар, хугацаа/ болон эрхийн зөрчил илэрвэл хэрэглэгч гэрээнд заасан хугацаанд буюу хугацаа заагаагүй бол нэн даруй уг гэм хорыг арилгах буюу учирсан хохирлыг нөхөн төлөхийг худалдагчаас шаардах эрхтэй.

6.3.Хэрэглэгч согог гэмтэлтэй, иж бүрдэлгүй, тоо, хэмжээ, чанарын шаардлага хангаагүй бараа борлуулсан худалдагчид Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасны дагуу уг барааны доголдлыг арилгуулах, хохирлоо нөхөн төлүүлэх талаар дараахь шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй:

6.3.1.барааны доголдлыг үнэ төлбөргүй арилгуулах буюу уг доголдлыг хэрэглэгч өөрөөсөө болон гуравдагч этгээдээр арилгуулахад гаргасан зардлыг нөхөн төлүүлэх;

6.3.2.барааны үнийг доголдлын хэмжээтэй дүйцүүлэн бууруулах;

6.3.3.гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу барааг хүлээн авахаас татгалзах, эсхүл үнийг тооцож авах;

6.3.4.доголдолтой барааны оронд тухайн төрлийн доголдолгүй бараагаар солих, эсхүл барааг буцаан өгч, үнийг тооцож авах;

6.3.5.гэрээг цуцлах;

6.3.6.худалдагч нь барааны согог гэмтэл, иж бүрдлийн талаар урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд уг барааг хэрэглэгчийн шаардлагаар нэн даруй, ийм боломжгүй бол хэрэглэгчтэй тохиролцсон хугацаанд, эсхүл тухайн барааг буцаан эхний ээлжинд солих буюу иж бүрдүүлж өгөх. Хэрэв ийм боломжгүй болон хэрэглэгч шаардсан бол барааны үнэ, хөлсийг бүрнээр, эсхүл зөрүүг буцааж олгох;

6.3.7. баталгаат хугацааны дотор хэрэглэгчийн буруу биш шалтгаанаар тухайн бараа хэрэгцээ хангахгүй, нуугдмал согог гэмтэлтэй нь илэрвэл худалдагч түүнийг солих, эсхүл хэрэглэгчтэй тохиролцсон хугацаанд үнэ төлбөргүй засварлах. Хэрэв ийм боломжгүй болон хэрэглэгч шаардсан бол барааны үнэ хөлсийг бүрнээр, эсхүл зөрүүг буцааж олгох.

6.4.Чанарын шаардлага хангаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй ажил, үйлчилгээ үзүүлснээс хэрэглэгчид учирсан хохирлыг дор дурдснаар арилгуулна:

6.4.1.гэрээнд заасан болзол, чанарын шаардлага хангаагүй ажил, үйлчилгээ гүйцэтгэсний улмаас хэрэглэгчид учирсан хохирлын хэмжээгээр гэрээний үнийг багасган төлөх;

6.4.2.хэрэглэгчийн эд материалыг ашиглан ажил, үйлчилгээ гүйцэтгэхдээ гэрээний болзлыг хангаагүйгээс хэрэглэгч хүлээн авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэгч гэрээнд өөрөөр заагаагүй бол ижил нэр төрөл, чанартай эд материалаар гэрээний болзлыг хангасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж өгөх.

6.5.Бараа, ажил, үйлчилгээний чанар, согог гэмтэл, иж бүрдлийн талаар хэрэглэгчийн тавьсан гомдол үндэслэлгүй болох нь эрх бүхий этгээдийн дүгнэлтээр нотлогдсон, Иргэний хуулийн 255.1.3-т заасны дагуу хэрэглэгч нь тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөн тохиолдолд холбогдох зардлыг худалдагч хариуцахгүй.

7 дугаар зүйл.Барааны талаар мэдээлэл авах хэрэглэгчийн эрх

7.1.Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.

7.2.Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө:

7.2.1.үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны болон бусад таних тэмдэг, таницын тухай код;

7.2.2.барааны зориулалт, хэрэглээний шинж чанар;

7.2.3.барааны орц, найрлага, хадгалах, хэрэглэх арга зүй;

7.2.4.барааны нэр төрөл, үнэ;

7.2.5.барааны хэмжээ, хэмжих нэгж;

7.2.6.барааны баталгаат болон эдэлгээний хугацаа;

7.2.7.барааг зөв хэрэглэх тухай заавар.

8 дугаар зүйл.Шүүхээр хамгаалуулах хэрэглэгчийн эрх

8.1.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас хэрэглэгчид учирсан гэм хорыг арилгах, хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хэрэглэгчийн шаардлагыг үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч биелүүлэхээс татгалзсан тохиолдолд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

9 дүгээр зүйл.Хэрэглээний соёл эзэмших хэрэглэгчийн эрх

9.1.Хэрэглэгч хэрэглээний соёл эзэмших, энэ талаар сурах бололцоогоор хангагдах эрхтэй.

10 дугаар зүйл.Бараа, ажил, үйлчилгээний доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа

10.1.Бараа, ажил, үйлчилгээнд доголдол илэрсэн тохиолдолд хэрэглэгч Иргэний хуулийн 254, 349 дүгээр зүйлд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй.

10.2.Улирлын чанартай барааны хувьд баталгаат хугацаа нь тухайн улирал эхлэх үеэс тооцогдоно.

10.3.Барааг шуудангаар хүргэсэн тохиолдолд гомдлын шаардлагыг хэрэглэгчид хүргэсэн өдрөөс эхлэн тооцно.

10.4.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч бараа, ажил, үйлчилгээний доголдлыг боломжтой хугацаанд арилгах үүрэг хүлээнэ. Боломжит хугацаа, анзын хэмжээг гэрээнд зааж хоёр тал гарын үсэг зуран баталгаажуулсан байна.

10.5.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу анз төлөх үүрэг хүлээнэ.

11 дүгээр зүйл.Хэрэглэгчтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх

11.1.Хэрэглэгч, үйлдвэрлэгч, гүйцэтгэгч бараа худалдах, худалдан авах, нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг бичгээр болон амаар хийж болно.

11.2.Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэ хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ҮЙЛДВЭРЛЭГЧ, ХУДАЛДАГЧ, ГҮЙЦЭТГЭГЧИЙН ҮҮРЭГ

12 дугаар зүйл.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг

12.1.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна.

12.2.Худалдагч барааг худалдаанд гаргахдаа үйлдвэрлэгч /нийлүүлэгч/-ээс энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан бараа нийлүүлэх талаар зохих гэрээг байгуулсан байна.

12.3.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ.

12.4.Зах зээлд гаргасан бараа, ажил, үйлчилгээнд хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй байдал илэрвэл үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч энэ тухай олон нийтэд нэн даруй мэдээлнэ.

12.5.Үйлдвэрлэгч, худалдагч барааны баталгаат хугацааны шаардлагыг хангасан бараа борлуулах үүрэгтэй. Чанарын шаардлага хангаагүй бараа борлуулсан тохиолдолд хэрэглэгчийн шаардлагаар түүнийг буцаан авч үнийг хэрэглэгчид олгоно. 

12.6.Үйлдвэрлэгч худалдагч, гүйцэтгэгч барааны аюулгүй байдлын шаардлагыг хангаагүйгээс хэрэглэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг хуульд заасны дагуу арилгана.

12.7.Хэрэглэгч барааны тээвэрлэх, хадгалах, ашиглах журмыг баримталсан боловч бараа нь хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан нь тогтоогдвол үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч түүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг нэн даруй зогсоож, гүйлгээнээс татаж авна.

12.8.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно.

12.9. Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.

13 дугаар зүйл.Барааны баталгаат хугацааг тогтоох үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийн үүрэг

13.1.Үйлдвэрлэгч, гүйцэтгэгч хуульд өөрөөр заагаагүй бол бараа, ажил, үйлчилгээний баталгаат хугацааг тогтооно.

13.2.Бараа, ажил, үйлчилгээг зах зээлд нийлүүлэхдээ түүнийг хэрэглэх заавар, хадгалах, тээвэрлэх, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга, үйлдвэрлэсэн он, сарыг худалдааны баримт бичиг, хаяг, шошго дээр хэрэглэгчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байхаар тусгана.

13.3.Хэрэв хууль буюу стандартаар бараанд хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх шаардлагыг тогтоосон бол тэдгээрийн энэ шаардлагад нийцэж байгаа эсэхийг эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулсан байна.

14 дүгээр зүйл.Бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх үйлдвэрлэгчийн үүрэг

14.1.Эдэлгээний тогтоосон хугацааны дотор найдвартай ажиллах бололцоог хангах зорилгоор үйлдвэрлэгч тухайн барааны засвар, техникийн үйлчилгээг зохион байгуулах, түүнчлэн үйлдвэрлэлийн хугацаанд болон түүнийг үйлдвэрлэлээс хассанаас хойш тухайн барааны ашиглалтын хугацаа дуусах хүртэлх хугацаанд, хэрэв ийм хугацаа заагаагүй бол худалдаанд нийлүүлснээс хойш 5 хүртэл жилийн хугацаанд холбогдох сэлбэг хэрэгслийг худалдаанд нийлүүлж байх үүрэгтэй.

15 дугаар зүйл.Бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа

15.1.Бараа, ажил, үйлчилгээний талаар гомдлын шаардлага гаргасан тохиолдолд доголдлыг дараахь хугацаанд арилгана:

15.1.1.хүнс болон ахуйн хэрэглээний барааны эдэлгээний хугацаа буруу тогтоогдсоноос үүсэх гэм хорыг худалдагч нэн даруй арилгах;

15.1.2.бараа, ажил, үйлчилгээний доголдлын талаар гарсан гомдлыг барагдуулах үед хүндэтгэн үзэх шалтгаан гарсан /нийтийг хамарсан хорио цээр/, худалдагч /үйлдвэрлэгч, гүйцэтгэгч/ өвдсөн, нас барсан, дампуурсан, татан буугдсан, тодорхой шалтгааны улмаас түүний үйл ажиллагаа түр болон бүрмөсөн зогссон тохиолдолд доголдлыг арилгах хугацааг хойшлуулахаар хэрэглэгчтэй тохиролцох.

15.2.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр доголдлыг арилгах хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн хоног тутам бараа, ажил, үйлчилгээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагч /үйлдвэрлэгч, гүйцэтгэгч/ хэрэглэгчид төлнө.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

16 дугаар зүйл.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

/16 дугаар зүйлийн гарчигт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.1.Төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй:

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.1.1.хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх;

/Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.1.2.хэрэглэгч зах зээлээс эрэлт хэрэгцээндээ нийцүүлэн хямд, аюулгүй, зохих чанарын бараа сонгож авах өргөн боломжийг хангахад чиглэгдсэн шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих арга хэмжээ аваx;

16.1.3.хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон асуудлаар хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран үзлэг шалгалт явуулах, мэдээлэл, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх.

16.1.4.хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй бараа үйлдвэрлэсэн, ажил, үйлчилгээ борлуулсан хувь хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, уг барааны борлуулалт, үйлдвэрлэлтийг зогсоох тухай үндэслэл бүхий саналаа холбогдох эрх бүхий байгууллагад тавих;

16.1.5.барааны чанарыг дээшлүүлэх, бараандаа тохирлын баталгаа авахыг шаардах;

16.1.6.барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах;

16.1.7.хэрэглэгчийн эрхийг ноцтой хохироосон тухай үндэслэл бүхий албан ёсны шаардлага хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй албан тушаалтанд зохих арга хэмжээ ногдуулах тухай саналыг холбогдох хяналтын байгууллагад тавих буюу шүүхэд нэхэмжлэл гаргах.

/16.1.4-16.17 дахь заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

17 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

17.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй:

17.1.1.тухайн нутаг дэвсгэрт хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар явуулах үйл ажиллагааны бодлого, төлөвлөгөө болон түүнд зарцуулах хөрөнгийн төсвийг хэлэлцэж батлах;

17.1.2.тухайн нутаг дэвсгэрт хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад дэмжлэг үзүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх.

18 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын бүрэн эрх

18.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:

18.1.1.тухайн нутаг дэвсгэрт хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;

/Энэ заалтад 2008 оны 12-р сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

18.1.2.хэрэглэгчид хэрэглээний соёл эзэмшүүлэх сургалт зохион байгуулах;

18.1.3.тухайн нутаг дэвсгэрт хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх.

19 дүгээр зүйл.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын чиг үүрэг

19.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага дор дурдсан чиг үүрэгтэй:

19.1.1.хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй барааны үйлдвэрлэлт, борлуулалтыг зогсоох тухай үндэслэл бүхий саналаа холбогдох эрх бүхий байгууллагад тавих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сэрэмжлүүлэн мэдээлэх;

19.1.2.барааны чанарыг дээшлүүлэх, бараандаа тохирлын баталгаа авахыг шаардах;

19.1.3.барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах;

/19.1.1-19.1.3 дахь заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19.1.4.хэрэглэгчид хэрэглээний соёлын талаар албан бус сургалт явуулах;

19.1.5.хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй бараа үйлдвэрлэсэн, ажил, үйлчилгээ борлуулсан болон гэрээний дагуу хэрэглэгчид нийлүүлэх ажил, үйлчилгээг дутуу гүйцэтгэж хохирол учруулсан хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

/19.1.5 дахь заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19.1.6.хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн дүрэм, журмыг өөрчлүүлэх, хүчингүй болгуулах тухай саналыг эрх бүхий байгууллагад тавих;

19.1.7.хэрэглэгчийн эрхийг ноцтой хохироосон тухай үндэслэл бүхий албан ёсны шаардлага хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй албан тушаалтанд зохих арга хэмжээ ногдуулах тухай саналыг холбогдох хяналтын байгууллагад тавих буюу шүүхэд нэхэмжлэл гаргах;

19.1.8.хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, дүнг нийтэд мэдээлэх;

/19.1.7, 19.1.8 дахь заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19.1.9.хэрэглэгчийн гаргасан гомдол, саналыг үндэслэн улсын мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны талаар санал гаргах, түүнийгээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

19.1.10.барааны чанар, аюулгүй байдал, зах зээлийн үнийн тухай хэрэглэгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх.

20 дугаар зүйл.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт

20.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд төрийн болон мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.


ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

21.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Ж.БЯМБАДОРЖ