• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Мэндчилгээ

Юуны өмнө та бүхэнд Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн хамт олны мэндчилгээг өргөн дэвшүүлэхийн ялдамд бүтээлч, хөдөлмөрч хамт олныхоо 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг товчлон толилуулж байгаадаа баяртай байна.

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж цагдаагийн алба хаагчдыг сургаж дадлагажуулах ажлыг шинэ шатанд гаргах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр тушаалаар Сургалт, дадлагын төв нэртэйгээр байгуулагдснаас хойш өдгөө 5 дахь жилтэйгээ золгож байна.

Өнгөрсөн 2018 онд тус төв нь Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалтын нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахын хамт суралцагчдын ая тухыг хангах, сурах орчин нөхцөлийг бүрдүүлэх, сургагч багшийн ур чадварыг дээшлүүлж, сургалтын чанар үр нөлөөг сайжруулахад онцгойлон анхаарч ирсэн. Манай хамт олон цаашид гадаад орны цагдаагийн байгууллагын ижил төстэй сургалтын төвүүдийн стандартыг нэвтрүүлэн, инновацид суурилсан, байгууллагын хөгжлийг дэмжигч хамт олон байх зорилтыг тавин ажиллаж байна.

Манай байгууллагын сургалтын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллагч бүх байгууллага, хамт олон, цагдаагийн алба хаагч нартаа эрүүл энх, эрдэм ухааны дээдийг ерөөж амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье.

Монголын цагдаагийн сэтгэл гэгээн, үйлс арвин, мөр нь тунгалаг орших болтугай.