• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2022-10-08
ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад болж өнгөрсөн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ ӨМНӨХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нэгдсэн Үндэстний Байгууллагын цагдаагийн албаны Энхийг сахиулах ажиллагааны өмнөх сургалтыг энэ оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2022.10.04/ зохион байгуулагдаж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн болон сургагч багш, сургалтад хамрагдаж буй алба хаагч нар оролцлоо.

Энэхүү сургалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагааны цагдаагийн албаны бие даасан цагдаагийн зөвлөхөөр үүрэг гүйцэтгэж байсан туршлага, заах арга зүй, ур чадвартай алба хаагчид удирдан явуулж байгаа юм.

Цагдаагийн албаны Энхийг сахиулах ажиллагааны өмнөх сургалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 51 алба хаагч хамрагдаж байна.

ИНТЕРПОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЙЛЧИЛЛАА

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын "Манлайлагч" буюу "Leader" төслийн менежер ноён Растислав Сасик тэргүүтэй төлөөлөгчид төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцах зорилгоор энэ оны 10-р сарын 03-наас 05-ны өдрүүдэд Цагдаагийн Ерөнхий газарт ажлын айлчлал хийж байна. Интерполын гишүүн орнуудын цагдаагийн байгууллагуудын цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцсан нэгжийн алба хаагчдын чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зорилго бүхий тухайн төслийн хүрээнд 2020 оноос хойш Монгол Улсын цагдаагийн байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцсан алба хаагчид гадаад улсад зохион байгуулагдсан болон цахим хэлбэрээр явагдсан шат дараалсан сургалтуудад хамрагдаж, цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглагддаг техник, хэрэгслүүдийг хүлээн авлаа.

"ЦАГДАА", “ХАРУУЛЧИН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн энэ оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/07 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2022 оны давтан мэргэшүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч нараас сонгон шалгаруулж, "Цагдаа", “Харуулчин” мэргэжил олгох сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь хугацаат цэргийн алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшин төгсөж байгаагаараа бусад сургалтаас онцлог болсон юм.

Сургалтын төгсөлтийн шалгалтад тэнцсэн алба хаагчдад “Гэрчилгээ” гардуулах арга хэмжээг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, тус төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугарсүрэн Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийн захирагч нар оролцож, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд талуудын оролцоог хангах, архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, урьдчилан сэргийлэлтийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдал буюу эрүүл хоол хүнсний хэрэглээг бий болгоход салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Баянхонгор аймагт зохион байгуулагдсан нээлттэй өдөрлөгт оролцож, архи согтууруулах ундааны хор уршиг, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг иргэдэд хүргэлээ.

 “БАЙГАЛИА БҮТЭЭЕ” НАМРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж, зохицон амьдрах дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилго бүхий “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оны намрын улирлын мод тарилт, арчилгаа, түүний ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах “Байгалиа бүтээе” намрын аян эхэллээ. Тус аян энэ оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд үргэлжлэх бөгөөд цагдаагийн байгууллагаас байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэл, аймаг, дүүрэг, сум, төрийн захиргааны байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.