• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Асуулт хариулт

 

  • Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын талаар мэдээлэл өгнө үү.

Галт зэвсэг нь орчин тойрон, бусдад аюул учруулж болох онцгой бараа учраас энэ харилцааг хуулиар зохицуулдаг. Галт зэвсгийн тухай хуульд нийцүүлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”, “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-г баталсан байдаг. 
Үүний хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв долоо хоног бүр энэхүү сургалтыг зохион байгуулдаг юм.
Мөн сургалттай холбоотой холбогдох мэдээллийг 95147102, 93024600, 86127102 дугаарын утсаар болон Web: www.surgalt.police.gov.mn, http://www.facebook.com/ЦагдаагийнЕрөнхий газрын Сургалтын нэгдсэн төв/ цахим хаягаас авч болно.

  • Иргэний галт зэвсэг эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдах хүсэлтэй байна. Ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах вэ.

     Та сургалтад хамрагдах бол  Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд хандан өргөдөл гаргана. Өргөдөлдөө иргэний үнэмлэхний лавалгаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүл мэндийг шалгуулсан хуудас, 2 хувь цээж зургийн хамт хавсаргаж, өөрийн биеэр авч ирж бүртгүүлнэ.
Сургалт 150.000 төгрөгний төлбөртэй бөгөөд сум, хоол, унааны зардал багтсан байдаг. Төлбөрийг Төрийн сан: 100900012047 дансанд тушааж, хуулбарыг өгнө. 

  • Иргэний галт зэвсэг эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалт ямар хугацаагаар явагддаг вэ.

Сургалт хоёр өдрийн хугацаатай явагдана. Эхний өдөр танхимын сургалтаар галт, зэвсгийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт, хадгалалт, хамгаалалт, галт зэвсэг /сум/-ийн бүтэц, аюулгүй ажиллагаа, галт зэвсэг хэрэглэх сэтгэл зүйн бэлтгэлжилт, эмнэлгийн анхан шатны тусламж зэрэг хичээлийг судална. Хоёр дахь өдрийн хичээл манай төвийн Нарстай дахь хээрийн сургалтын хэсэг /нийслэлээс 75 км/-т болж, суралцагчдад буудлагын шагайвар хийх, буудлага үйлдэх аргачлал, галт зэвсгийн аюулгүй ажиллагааг хангах, сургалтын буудлага үйлдэх дадлагыг явуулдаг. Ингээд шалгалт авч тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгодог юм. 
Иргэд, байгаль хамгаалагч, харуул хамгаалалтын ажилтнууд сургалтад хамрагдсанаар галт зэвсэгтэй холбоотой үүдэн гарах аливаа осол гэмтэл, учрал, хор хохирол, аюулаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

  • Буудлагын спортоор хичээллэдэг хүн иргэний галт зэвсгийн сургалтад заавал  хамрагдах шаардлагатай юу? 

Албан ёсны эрхтэйгээр буудлагын спортын  үйл ажиллагаа явуулдаг, эсхүл тухайн  байгууллагын гишүүн, буудлагын спортын тамирчин бол сургалтад хамрагдах шаардлагагүй юм.
Харин тухайн буудлагын байгууллагын тодорхойлолт болон өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг холбогдох бусад материалаа бүрдүүлж, Төрийн сангийн 100900012047 дансанд гэрчилгээний 5000 төгрөгийг тушааж гэрчилгээгээ авна. 

  • Цэрэг, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа алба хаагч иргэний галт зэвсэг эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдахгүйгээр гэрчилгээ авч болох уу? 

Гадаадийн болон дотоодын цэрэг, цагдаагийн их сургуульд галт зэвсгийн  хичээлийг  судалсан бол тухайн хичээлийг судалсныг нотлох дипломны хуулбарыг нотаритаар баталгаажуулж, бусад бүрдүүлэх материалын хамт авчран гэрчилгээ авч болно. 

  • Харуул хамгаалалтын ажилтан энэ сургалтад хэрхэн хамрагдах вэ. Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ.

Харуул хамгаалалтын болон спорт сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд ажилтнаа сургалтанд хамруулахдаа дараах баримт бичгийг бүрдүүлдэг. Үүнд:

  1. Сургалтад хамруулах тухай хүсэлт;
  2. Галт зэвсгийн гэрчилгээ, хуулбарын хамт;
  3. Галт зэвсэг худалдаж авсан баримт;
  4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  5. Харуул, хамгаалалтын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;
  6. Иргэний үнэмлэх, хуулбар;
  7. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалтад заасан өвчин, эмгэггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас;
  8. Тухайн иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар;
  9. Төлбөр төлсөн баримт.
  • Гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалт хэд хоног үргэлжлэх вэ? Цагдаагийн байгууллагаас өөр гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалт явуулдаг газар байдаг уу? 

Монгол улсын  “Гэрээт харуул хамгаалалтын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх асуудлыг цагдаагийн төв байгууллага хариуцна”, Цагдаагийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “....гэрээт харуул хамгаалалтын сургалтыг төлбөртэй зохион байгуулж болно”  гэж заасан байдаг.
Хуулийн хүрээнд тус сургалтыг цагдаагийн байгууллага сургалтыг зохион байгуулна.

  • Гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтаар би юу сурч, мэдэх вэ. 

Гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалт нийт 21 хоногийн хугацаанд зохион байгуулагдах бөгөөд танхимын 14 хоногийн сургалт 7 хоногийн дадлага ажил явагдана. 
Сургалтаар хамгаалж байгаа эд хөрөнгө, объектыг гэмт халдлагаас хамгаалах албан үүрэг гүйцэтгэхдээ галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны техник хэрэгсэл хэрэглэх чадварыг олгохоос гадна хууль эрх зүй, харилцааны соёл, төлөвшил, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн сургалтыг явуулж шалгалт авч, тэнцсэн иргэдэд харуул хамгаалалтын ажилтны сургалтад хамрагдсан гэрчилгээг олгоно.
 

  • Гэрээт харуул хамгаалалтын сургалтад хамрагдахад төлбөртэй юу? 

Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн  А/14,16 дугаартай “Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив батлах тухай”  тушаалд гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад 1 иргэнийг 199260 /нэг зуун ерэн есөн мянга хоёр зуун жаран төгрөг/-өөр тогтоосон.

  • Иргэний галт зэвсгийн сургалтад хамрагдсан иргэн  гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд хэрхэн нөхөж авах вэ? 

Та сургалтад хамрагдсан гэрчилгээгээ үрэгдүүлсэн бол дахин гэрчилгээ авах өргөдлөө иргэний үнэмлэхний  хуулбар, Төрийн сангийн 100900012047 дансанд 5000 төгрөгийг тушаасан баримтын хамт Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд ирүүлж, нөхөн авах боломжтой.

  • Би иргэний галт зэвсгийн сургалтад хамрагдах гэсэн ч ажлын өдрүүдэд амжихгүй байна. Амралтын өдрүүдэд  сургалтыг явуулдаг уу? 

Та амралтын өдрүүдэд сургалтад хамрагдах өргөдлөө холбогдох материалын хамт өгөөрэй. Бид таны хүсэлтийг хүлээн авч, сургалтыг зохион байгуулах болно. Мөн бусад иргэдэд сургалтын мэдээллийг мөн хүргүүлж, хамтран явуулдагаараа онцлог юм. 

  • Хөдөө орон нутгийн иргэд сургалтад  яаж хамрагдах вэ? 

Бид иргэдэд үйлчилэх үйлчилгээг ойртуулах зорилгоор алслагдсан дүүргүүд болон хөдөө орон нутагт иргэдийн хүсэлтээр сургалтыг тухайн цагдаагийн газартай хамтран зохион байгуулдаг. Та оршин суугаа газартаа сургалтад хамрагдахыг хүсэлтээ харьяа дүүргийнхээ цагдаагийн газар, хэлтэст хүсэлт гаргаарай. Хүсэлтийн дагуу бид сургалтын багийг явуулж, шуурхай зохион байгуулна.