“ЭРГҮҮЛ, ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН НОХОЙН ХӨТЛӨГЧ БЭЛТГЭХ” ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын захиалгын дагуу Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн даргын 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/54 дүгээр тушаалаар Эргүүл, хяналтын хэлтсийн 5 алба хаагчийг албаны нохойн хамт нэг сарын хугацаатай сургалтанд хамрууллаа.
Тус сургалтаар алба хаагчдад албаны нохойг эргүүл, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн эмх замбараагүй байдал үүссэн болон хууль бус жагсаал, цуглааны үед ашиглах арга тактик, ажиллагааны дараалал, аюулгүй ажиллагааны шаардлага зэрэг мэдлэгийг онол, дадлагыг хослуулсан хэлбэрээр эзэмшүүлэв.

Сургалтын явцад албаны нохойтой ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, командын гүйцэтгэлийг сайжруулах, нохойн хариу үйлдлийг оновчтой болгох, албаны нөхцөлд ажиллуулах бэлтгэлийг хангах чиглэлээр тусгайлсан дасгал, сургуулилтыг үе шаттайгаар зохион байгуулж, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэв.
Мөн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан нэгдсэн дадлага, сургуулилтад оролцуулж, бодит нөхцөл байдалд ойртуулсан тактикийн ажиллагааны дадлага олгож, хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, зохион байгуулалтын ур чадварыг бататгалаа.
