ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ.
Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын урилгаар Оросын Холбооны Улсын Гаалийн ерөнхий газрын зочид, төлөөлөгчид Монгол Улсад албан айлчлал хийж байна.
Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас хүсэлт тавьсны дагуу дээрх зочид, төлөөлөгчид 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвийн Албаны морь, нохойн хэсгийн албаны нохдын сургалтын үйл ажиллагааг сонирхож, шинэ төрлийн гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх бодисыг олж илрүүлэхэд нохойг сургаж, ашиглах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Уг үйл ажиллагаанд Гаалийн ерөнхий газрын Эрэлч нохой сургалтын төвийн дарга Б.Наранбадрах, Буянт-Ухаа дахь гаалийн газрын дарга Н.Удаанжаргал, Оросын Холбооны Улсын гаалийн Эрэлч нохойн сургалтын төвийн дарга Ф.А.Филипов, Оросын Холбооны Улсын Гаалийн газрын үйл ажиллагааны хэлтсийн дарга С.А.Мухоротов, Оросын Холбооны Улсын Гаалийн шуурхай хяналтын албаны орлогч дарга С.Ю.Эрденев, Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвийн удирдах ажилтнууд оролцлоо.