• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Корона вирусын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.

2020-01-29
Корона вирусын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.
 
ЭМЯ-наас ээлжит мэдээллийг хйилээ.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица: Өнөөдрийн байдлаар Коронавирусээр өвдсөн 4593 тохиолдол, сэжигтэй 6973 тохиолдлын 976 нь хүнд байдалтай байна. Дэлхийн дөрвөн бүсийн 14 улсад энэ өвчний 56 тохиолдол батлагдсан байна. Үүний 42 нь Ухань хотоос хамааралтай гэжээ. Өвчлөгчдийн ихэнх нь эрчүүд. Нас барагчдын 40 хувь нь архаг хууч өвчтэй гэсэн байна. ДЭМБ-ын мэдээллээр SARS-аас хамаагүй бага нас баралттай байгаа. АНУ-д илэрсэн таван тохиолдол бүгд өөрсдөө эмнэлгийн байгууллагад хандсан байгаа. Түүнээс биш, халуун хэмжигч энэ тэрээр илрээгүй юм. Мэдээлэл бүрхэг байгаа ийм цаг үед буруу ташаа мэдээлэл маш ихээр явдаг. Тиймээс албан ёсны, баттай эх сурвалжаас мэдээлэл хүргэхийг хүсье. Өчигдөр хэвлэл мэдээллээр нэлээд шуугисан нэг мэдээг энд дурдаж, залруулмаар байна. Монголын иргэнд шинэ коронавирус илэрлээ гэсэн мэдээллийг Австралийн талаас өчигдөр өдрийн 13 цагийн үед өгсөн. Гэтэл Австралийн талаас 15.10 минутад эргэж мэдээлэл хийгээд Монголын иргэнээс коронавирус илрээгүй. Харин илэрсэн хүнтэй ойр байсан байна гэдэг мэдээллийг өгсөн байгаа. Халдварт өвчний мэдээллийг улс хооронд солилцох асуудлаар дэлхийн 196 улсад олон улсын дүрмийг дагаж мөрддөг.

ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар: БНХАУ-ын ЭМЯ-наас авсан мэдээгээр коронавирусээр 5974 хүн өвчилж, 132 хүн нас бараад байна. Эмчлэгдээд 103 иргэн эмнэлгээс гарсан. 20 орчим оронд сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Хятадаас орж ирсэн 29 зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ хийснээс 11 хүний шинжилгээ үгүйсгэгдээд байна. Одоо 18 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна. Энэ хугацаанд зургаан аймгийн найман хилийн боомтоор 1966 иргэн нэвтэрсэн. Сэжигтэй хүн байхгүй.

А.Амбасэлмаа: Хуурай замын хилээр иргэдээ оруулж ирэх шийдвэр гарсан учраас оруулж ирнэ. Халуун хэмжиж байгаа. Эрүүл орж ирж байгаа хүмүүст өөрсдөд нь зөвлөмж өгөөд нэвтрүүлнэ. 14 хоног өөрийгөө ажиглахыг зөвлөж байгаа. Халуунтай хүмүүс яагаад их орж ирээд байна гэж гайхаж байгаа байх. Томуугийн дэгдэлтийн үе гэдгийг анхаарах хэрэгтэй. Саналаараа шинжилгээ өгсөн 50 хүний 50 хувьд томуугийн вирус илэрсэн байгаа. Тийм болохоор томуугийн дэгдэлтийн үетэй давхцаж байгаа гэдгийг анхаарч, томуугийн хүндэрсэн хатгалгааг яаралтай эмчилж байна. Хувь хүмүүс ч үүнд анхаарах хэрэгтэй. Ханиад хүрсэн тохиолдолд яаралтай эмчлэх хэрэгтэй байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Хэнтий аймагт нас барсан 14 настай охины хувьд гэртээ гурав хоног халуурч, бөөлжөөд эмнэлэгт ирээд нас барсан. Шинжилгээний хариу гарсан. H3N2 хатгалгааны улмаас хүндэрч нас барсан нь тогтоогдсон байгаа.

Ер нь монголчуудын хувьд өвчлөлийн нэгдүгээр шалтгаан нь амьсгалын замын өвчлөл. 2007 оноос хойш амьсгалын замын өвчлөл тасралтгүй өссөн. Хүндрэл нь уушгины хатгалгаа. 0-5 насны хүүхдүүдийн үхлийн 2-3 шалтгаан нь уушгины хатгалгаа байгаа юм. Хятадад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон өгүүлэмжтэй хүмүүс өөрсдөө эмнэлэгт хандаж шинжилгээ өгөх боломжтой гэдгийг хэллээ.