• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.БААТАР: ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ АЖИЛ ЗӨВХӨН ИЛРҮҮЛЭЛТ, ШИЙДВЭРЛЭЛТИЙГ АХИУЛСНААР ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ

2021-11-03
ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.БААТАР: ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ АЖИЛ ЗӨВХӨН ИЛРҮҮЛЭЛТ, ШИЙДВЭРЛЭЛТИЙГ АХИУЛСНААР ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ

Монгол орны байгаль сүүлийн жилүүдэд уул уурхайн нөлөөлөл, хулгайн ан, хууль бусаар мод огтолсон, химийн хорт бодисыг зүй бусаар ашигласнаас болж эрс доройтож байгаа билээ. Тийм учраас хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хууль бус үйлдэл гаргагч иргэн, аж ахуйн нэгжийнхэнд хариуцлага тооцож, нөхөн сэргээхэд төр засгаас анхаарал хандуулж, өнгөрсөн жил ЦЕГ-ын бүтцэд Экологийн цагдаагийн алба байгуулсан билээ. Тус албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Баатартай хийж хэрэгжүүлж буй ажлынх нь талаар ярилцлаа. 

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

-ЦЕГ-ын бүтцэд Экологийн цагдаагийн алба байгуулаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ бол нүдээ олсон шийдвэр гэж үздэг. Энэ албыг байгуулах болсон хэрэгцээ, шаардлагыг та эхэлж тодруулж өгөөч.

-Манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж олборлолт, ашиглалтын технологийн онцлог, дэд бүтцийн байгууламжийг харилцан уялдаатай төлөвлөөгүйгээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажил хоцрогдож, хүрээлэн байгаа орчинд ихээхэн хохирол учрах болсон. Хүний буруутай үйл ажиллагааны улмаас сүүлийн жилүүдэд манай орны өндөр уулын мөнх цас, мөсөн голын усны нөөц багасаж, 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртөж, томоохон төв суурин газруудын ундны усны нөөц шавхагдах зэрэг бодит аюул тулгарч байгаа талаар мэргэжлийн байгууллагууд судалгаа гаргасан. Өмнө нь Мөрдөн байцаах албанд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс гээд 15 алба хаагчтай ганц нэгж ажиллаж байлаа. Байгаль орчны эсрэг гэмт хэргийн тоо жил бүр өсөх болсон тул дагнасан нэгж байгуулах саналыг цагдаагийн байгууллагын удирдлагад өгсөн. Үүнийг цааш нь ҮАБЗ-д танилцуулж, тухайн үеийн Ерөнхий сайд, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2020 оны нэгдүгээр сард цагдаагийн төв байгууллагын бүтцэд хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Экологийн цагдаагийн албыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн 170 гаруй алба хаагчтай байгуулсан. Үүнээс 100 гаруй алба хаагч нь орон нутагт, 70 орчим нь нийслэлд ажиллаж байна.

 Өмнө нь цөөн хүнтэй ажиллаж байсан нэгж маань гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлаа явуулах орон тоо, техник хэрэгслийн хувьд дутмаг, орон нутагт хүрч ажиллахад хүчин мөхөсдөж байлаа. Харин Экологийн цагдаагийн албыг байгуулснаар нааштай үр дүн гарч эхэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16, 19 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах”, “хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө төр хариуцна” гэж заасан. Хуулийн эл заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Экологийн цагдаагийн алба нь Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/67 дугаар тушаалаар харьяалуулсан, 2015 онд УИХ-аас баталсан Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Байгаль орчныг бохирдуулах, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах, Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах, Хууль бусаар ан агнах, Хууль бусаар мод бэлтгэх, Ой хээрийн түймэр тавих, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, Байгалийн тэнцэл алдагдуулах зэрэг гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо сүүлийн хоёр жилд өссөн үзүүлэлттэй байна. Үүний шалтгааныг Экологийн цагдаагийн алба үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбон үзэж болох уу?

-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 2020 онд 622 бүртгэгдсэн нь өмнөх оноос 133 хэрэг буюу 27.2 хувиар өссөн, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт хэргийн 2.7 хувийг эзэлжээ. Үүнээс хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 64 хувиар, хууль бусаар ан агнасан хэрэг 64.7 хувиар өссөн бөгөөд хэргийн илрүүлэлт 57.6 хувь, өмнөх оноос 3.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь мэдээж тус алба байгуулагдаж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд хүн хүч нэмэгдүүлж ажилласны үр дүн гэж хэлж болно.

Манай албаны Зөрчил шалгах шийдвэрлэх хэлтэс сайн ажиллаж олон зөрчил илрүүлэн шалгаж шийдвэрлэж байна. Мөн нэлээдийг нь мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлж байгаа. Байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн шинжтэй 550 гомдол, мэдээлэл хүлээн авч, 108 буюу 19.6 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн. Харин 302 буюу 54.9 хувийг харьяаллын дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлж, 140 буюу 25.4 хувьд нь зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан.

Харин энэ оны эхний есөн сарын байдлаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг зургаа, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 32.5, хууль бусаар ан агнах гэмт хэрэг 38.2, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг 42.1, байгаль орчныг бохирдуулах, ой, хээрийн түймэр тавих гэмт хэрэг тус бүр 75 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байгаа. Энэ нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ-ын даргын тушаалаар Говь-Алтай, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий аймгийн нутагт хяналтын 11 цэг байгуулан ажиллуулсны үр дүн гэж хэлж болно.

-Тус алба байгуулагдсан цагаасаа хойш иргэдэд чиглэсэн нөлөөллийн олон аян зохион байгуулсан нь үр дүнгээ өгч, хүмүүсийн ухамсрыг дээшлүүлсэн санагддаг. Нэг үеэ бодвол хогоо байгальд хаяхаа больж буй нь нөлөөллийн аяны үр дүн гэж боддог юм.

-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажил зөвхөн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулснаар үр дүнд хүрэхгүй. Иргэд, бүх шатны шийдвэр гаргагчдын экологийн боловсролыг дээшлүүлж, олон нийтийн дэмжлэгийг авахгүйгээр бид хүлээсэн үүргээ биелүүлэх, нийгмийн хүлээлтийг богино хугацаанд хангах боломжгүй юм. Иргэн бүрийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах зөв дадал, хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төсөл боловсруулан хэрэгжүүлж, өнгөрсөн онд “Ногоон дуу хоолой”, “Хогоор бүү хорло”, “Ирлээ, Явлаа, Цэвэр”, “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ой модоо хайрлая”, “Орчны бохирдлыг бууруулъя”, энэ онд “Зэрлэг амьтдаа хайрлая”, “Загасыг үржлийн үед нь барихгүй”, “Ногоон байгаасай”, “Алдвал галдана” зэрэг нөлөөллийн аян, арга хэмжээ зохион байгуулсан нь олон хүнд хүрсэн. Улмаар иргэдийн байгаль орчинтойгоо зөв харьцах, хамгаалах мэдлэг ойлголт, боловсролыг дээшлүүлж, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлсэн, нийтийн дэмжлэг авсан ажил, арга хэмжээ болсон болов уу. Дээрх ажил, арга хэмжээг яам, төрийн болон төрийн бус байгууллагууд өндрөөр үнэлсэн нь бидний ажилд урам өгч байгаа.

-Хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлага бий биз?

-Экологийн цагдаагийн алба байгуулагдсанаар эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлага бий. Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас үүссэн байгаль орчны доройтол, бохирдлыг арилгах, хууль бусаар олгосон лицензүүдийг цуцлах, байгалийг нөхөн сэргээх, хамгаалах, хохирол учруулагчид хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтыг чангатгах чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хүрээнд Эрүүгийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ХЗДХЯ-нд санал хүргүүлсэн. Ингэснээр хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд ахиц гарч, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох, хохирол нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт сайжирна гэж үзэж байгаа.

-Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус олон байгууллагатай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон газрын эзэн холбогдогчийг олж тогтоох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруутай этгээдээр нөхөн сэргээлт хийлгүүлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэн бүрт экологийн боловсрол олгох чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал. Экологийн цагдаагийн алба БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, АМГТГ, Нийслэлийн байгаль орчны, Нийслэлийн онцгой байдлын газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хан Хэнтийн дархан цаазат газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Туул голын сав газрын захиргаа зэрэг төрийн байгууллагаас гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон  улсын санхүүжилттэй Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг /ZSL/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн “Дээвэр” холбоо гэх зэрэг олон төрийн бус байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллаж байна. Цаашид ч энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд бусад байгууллага, иргэдийн дэмжлэг туслалцааг авч, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллана.

-“Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан Нэг тэрбум мод тарих ажилтай уялдуулж, нөхөн сэргээлгэж байгаа газарт мод тариулбал болохгүй гэж үү?

-“Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг зохион байгуулсны дараа Засгийн газраас дэмжээд энэ ажлыг үе шаттай хийхээр дэмжсэн юм. Уул уурхайн олборлолтын улмаас Монгол Улсын газар нутгийн 0.019 хувь буюу 30790 га талбай эвдэгдсэнийг тогтоон, орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын 10.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 3842 га талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийлгээд байна. Харин эзэн нь тогтоогдоогүй, эвдэрч олон жил орхигдсон 8800 га талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд байгаль орчинд хохирол учруулсан эзэн холбогдогчийг олж тогтоох, гэм буруутай хүн, аж ахуйн нэгжээр нөхөн сэргээлт хийлгүүлэх ажлыг эрчимжүүлсэн. Зарим аж ахуйн нэгжийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хөрөнгөөр техникийн нөхөн сэргээлт хийж байгаа. Эзэн нь тодорхой газруудыг тухайн аж ахуйн нэгжүүдээр нь л хийлгэнэ. Хэрэв хийхгүй бол хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэн хариуцлага тооцуулж хөрөнгийг нь гаргуулан нөхөн сэргээлт хийлгэх арга хэмжээ авна.

“Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж, ЦЕГ-т ажиллахдаа нөхөн сэргээлтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Энэ үеэр Экологийн цагдаагийн албанаас нөхөн сэргээлтийн ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өрнүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбовол илүү үр дүнд хүрэх боломжтой талаар саналаа илэрхийлсэн. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд ухаж эвдэгдсэн газарт мод суулгаж болох эсэхийг эрдэмтдээр судлуулж, болдог бол тэнд тариулж ой, төгөл байгуулахад болохгүй гэх зүйлгүй шүү дээ. Үүний үр дүнд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, газар нутгийн хуурайшилт, цөлжилт, хөрсний доройтол, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурах юм.

Дашрамд дурдахад, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж, “Нэг сая мод” тарих ажлыг анхлан эхлүүлж улсын хэмжээнд энэ намар 11 мянга орчим мод тарьсан. Цаашид нийслэл, 21 аймаг, 330 сум дахь цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагууд аянд нэгдэн тухайн орон нутгийн боломжтой газарт мод тарих, Богд ууланд “Цагдаа төгөл” байгуулахаар менежментийн төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Та түрүүнд “Томоохон төв суурин газруудын ундны усны нөөц шавхагдах зэрэг бодит аюул тулгарч байгаа талаар мэргэжлийн байгууллагууд судалгаа гаргасан” гэлээ. Бодит жишээ нь Улаанбаатар хот маань болов уу. Танай алба шалгасан “Заламт гол”, "Хос даль" компанийнхан Туул голын нэг цутгал Хөлийн голын савд химийн хорт бодис хөрс рүү асгасан шүү дээ.

-Улаанбаатар хотын ундны ус энэ янзаараа явбал 2040 он гэхэд шавхагдаж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байгаа. Туул голын эхийн экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, хүн, малын хөлөөс ангид байлгах, модыг нь огтлохгүй байх зэрэгт анхаарах шаардлагатай. Уулын мөнх цас, цэвдэг, агаарын бохирдол ч нөлөөлж шавхагдаж болзошгүй гэж эрдэмтэд дүгнэж байгаа. “Хос даль” ХХК-ийн удирдах албан тушаалтанд холбогдох, хаягдал аккумулятораас хар тугалга гаргах үйл ажиллагаа эрхлэн явуулж, аккумуляторын шингэн /хүхрийн хүчил/-ийг ялган авч химийн хорт, аюултай бодис буюу хүхрийн хүчлийг хууль бусаар хадгалж хууль бус эргэлтэд оруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх ял шийтгэсэн байна.

-Химийн хорт бодис сүүлийн жилүүдэд их ашиглаж байгаа. Бас зай хураагуураар ажилладаг “Приус” зэрэг автомашин манайд их оруулж ирэх болсон. Тэдгээрийн хаягдалд танайх хяналт тавьдаг уу?

-Монгол орон алсдаа байгаль орчноо хэрхэн хамгаалах вэ гэдэгт нэлээд том бодлого боловсруулах ёстой болоод байна. Японоос Хос хөдөлгүүрт автомашин их оруулж ирэх болсон. Түүнд зай хураагуур буюу батарей гэж аюултай хаягдал байгаа шүү дээ. Эдгээрийг хэрхэн боловсруулж, устгах талаар алсаас бодохгүй бол болохгүй нь. “Приус”-уудын зай хураагуурыг авч боловсруулдаг байгууллага, аж ахуйн нэгж алга. Ер нь аюултай хог хаягдлын стандартын шаардлага хангасан төвлөрсөн цэг манайд алга. Барилгын материал, хэвлэх үйлдвэрт ашиглаж байгаа химийн бодисуудыг хаанаас хэрхэн оруулж ирж ашиглаж байгаа вэ гэдэгт сайтар хяналт тавих хэрэгтэй.

 -Дорнод аймгийн Дашбалбар, Гурванзагал сумын зааг дахь Улааны холимог металлын ордод үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийнхан Монгол Улсын хууль тогтоомж зөрчиж, байгаль орчинд хохирол учруулж байгаа талаар манай сонин удаа дараа мэдээлсэн л дээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус компанийн удирдлагыг яллагдагчаар татах санал танайхаас прокурорт гаргасан гэсэн. Хэрхэн шийдвэрлэсэн бол?

-“Шинь шинь” ХХК-ныг хаягдлын далангаасаа хөрсөнд химийн хорт бодистой ус алдсан байгаль орчныг бохирдуулсан гэх үндэслэлээр манайд шалгаж байгаа. Хамгийн сүүлд “хөрсөнд химийн хорт бодис алдагдсан” гэсэн дүгнэлт гарсан. Холбогдох ажиллагааг прокурорын хяналтад үргэлжлүүлэн хийж байна. Хэргийн талаарх мэдээллийг прокуророос зөвшөөрсөн тохиолдолд мэдээлэх хууль, журамтай тул дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.