• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад бүртгэж байна.

2020-05-19
Гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад бүртгэж байна.

 Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д  “Харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх асуудлыг цагдаагийн төв байгууллага хариуцна” гэж зохицуулсан байдаг.

         Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээт харуул, хамгаалалтын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай”  Б/586 дугаар тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь Гэрээт харуул хамгаалалтын алба хаагчийг бэлтгэх сургалтыг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

       Тус төв нь гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас сургалтад иргэдийг хамруулах хүсэлт гаргасан тохиолдолд гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтыг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 21 хоногийн хугацаатайгаар явуулна.

        Сургалт нь танхимын 14, дадлагажуулах 7 буюу нийт 21 хоногийн 120 цагаас доошгүй агуулга, багтаамжтай хичээл явагдана. Үүнд:

                  1.Хууль, эрх зүй, хүний эрхийн мэдлэг олгох, хамгаалалтын үүрэг гүйцэтгэх арга;

                  2. Харилцааны соёл;

                  3. Биеийн хүч хэрэглэх;

                  4. Холбооны хэрэгсэл ашиглах;

                  5. Хамгаалах тусгай хэрэгсэл болон хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас өмсөж хэрэглэх;

                  6. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх;

                  7. Аюулгүй байдлаа хангах, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах ажиллагаанд тус тус суралцана.

           Сургалтад хамрагдах иргэдийн бүрдүүлэх материал:

                  1. Анкет / 3*4 цээж зураг/;

                  2.Байгууллагын хүсэлт /Иргэдийг суралцуулах тухай/ ;

                  3.Эрүүл мэндийн хуудас;

                  4.Оршин суугаа газрын тодорхойлолт;

                  5.Иргэний үнэмлэхийн хуулбар;

                  6.Ял шийтгэлийн лавлагаа

          Сургалтад хамрагдах иргэн, Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан сургалтын төлбөр болох 199260 төгрөгийг Төрийн сангийн 100900012047 тоот дансанд тушаасан баримтыг эх хувиар хавсаргаж ирнэ.         

           Дэлгэрэнгүй мэдээллийг 70190092 утсаар лавлана уу.