Иргэдэд зориулсан галт зэвсгийн сургалтад бүртгэж байна.
Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж заасан.
Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д " Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг цагдаагийн байгууллага зохион байгуулж, сургалтын зааврыг цагдаагийн төв байгууллагын дарга батална" гэж зохицуулсан.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/72 дугаар тушаалаар “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”, мөн даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг тус тус батлагдсан.
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь Улаанбаатар хот , аймагт нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийнхээ иргэдэд зориулсан сургалтыг хариуцан явуулж байна.
Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2 хоногийн хугацаатай танхимын болон дадлага хэлбэрээр зохион явуулж, дараахь мэдлэг, ур чадварыг олгодог. Үүнд:
1. Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны талаар хууль, эрх зүйн мэдлэг;
2. Галт зэвсэг /сум/-ийн бүтэц, зохион байгуулалт, тактик техникийн үзүүлэлт;
3. Галт зэвсэгтэй харьцах сэтгэл зүйн бэлтгэл ;
4. Галт зэвсэг хэрэглэсний улмаас бэртэж, гэмтсэн, шархадсан үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвар;
5. Галын аюулгүй байдлыг хангах, хээрийн нөхцөлд гал унтраах арга тактик” ;
6. Буудлагын шагайвар хийх дадлага, сургуулилт, буудлагын үеийн аюулгүй байдлыг хангах, галын бэлтгэл /дадлага ажил/ сэдвүүдээр танхимийн болон дадлага, сургуулилт гэх мэт байдаг.
Сургалтад хамрагдаж буй иргэдийн буудлагын дадлага, сургуулилт тус төвийн “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгуулагддаг.
Сургалтын төгсгөлд галт зэвсэгтэй харьцах дадал чадвар, хууль эрх зүйн мэдлэгээр сорилын шалгалт авч тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгоно.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/14/16 дугаар тушаалаар галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын нэг иргэнээр тооцсон зардлын нормативыг шинэчлэн баталж, галт зэвсгийн сургалтын төлбөрийг нэг иргэнд 150,000 төгрөг байхаар тогтоосон.
Сургалтад хамрагдах иргэд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Анкет / 3*4 цээж зураг/;
2. Өргөдөл;
3. Сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт / Эрүүл мэндийн маягт-А33/;
4.Оршин суугаа газрын тодорхойлолт;
5.Иргэний үнэмлэхний хуулбар;
Сургалтад хамрагдах иргэн Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан сургалтын төлбөр болох 150.000 төгрөгийг Төрийн сангийн 100900012047 тоот дансанд тушаасан баримтыг эх хувиар хавсарган авчирна.
Хэрэв та буудлага спортын холбооны улсын бүртгэлд бүртгүүлсэн, цэрэг, цагдаагийн сургууль төгссөн, гэрээт харуул хамгаалалтын сургалтад хамрагдан галт зэвсгийн сургалтад хамрагдсан нотлох бичиг баримттай бол сургалтад хамрагдахгүйгээр галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын гэрчилгээг авч болно.
Гэрчилгээг авахдаа та иргэдийн бүрдүүлэх бичиг баримт болон сургалтад хамрагдсанаа нотлох баримт, дипломын хуулбар / нотариатаар баталгаажуулсан/, гэрчилгээний төлбөр болох 5.000 төгрөгийг Төрийн сангийн 100900012047 тоот дансанд тушаасан баримтын хамт авчирна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70190092 дугаарын утсаар лавлана уу.