“ЦАГДАА МАРТААГҮЙ” ХҮНДЭТГЭЛ АЛДРЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Дотоод явдлын яамны сайдын 1944 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 тоот тушаалаар Монгол улсад анхны Эрэлч нохойн алба үүсэх үндэс суурь тавигдсан билээ.
Энэ албыг хөгжүүлж бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан, нэгэн эрхэм бол 1956 оноос тус албаны даргаар томилогдон ажиллаж байсан өдгөө 96 насыг наслаад буй, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Лувсангийн Шархүү гуай юм.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг дурсан Цагдаагийн Ерөнхий газрын Ахмадын хороо санаачлан,”Сүлд” чуулга, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв "Цагдаа мартаагүй" хүндэтгэл, алдрын арга хэмжээг зохион байгууллаа.
Тэрээр
- 1958-1959 онд ЗХУ-ын Новосибирск хотын Цагдаагийн сургууль,
- 1964-1965 онд ЗХУ-ын Нальчик хотын Дотоод явдлын яамны Эрэлч
нохойн төв сургуульд суралцаж төгсөн, Монгол Улсын анхны мэргэшсэн нохой сургагчийн үнэмлэхийг гардаж, албаны нохойн анхны сургагч болж байжээ.
Улмаар 1953-1958 онуудад Улаанбаатар хотын цагдан сэргийлэхийн 2 дугаар ангийн цагдаа, ээлжийн бага дарга, хорооны байцаагчаар ажиллаж 1958-1969 онуудад Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт эрэлч нохойн хөтлөгч, ахлах зааварлагчаар тасралтгүй ажиллаж иржээ.
Ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Л.Шархүү гуай ”Өнөөдөр Залуу насны дурсамж сэргэн, тэр цаг үедээ эргэн очих шиг л сайхан мэдрэмж төрлөө, Би өнөөдөр мартагдаагүй байна. Та нар бас сайн ажиллавал мөн мартагдахгүй дурсагдана.Тийм учраас мартагдахгүйн тулд сайн ажиллаарай “ гэж залуу үедээ захин сургамж өгч байлаа.
Түүний хүү цагдаагийн бэлтгэл ахмад Ш.Чулуунбаатар нь аавынхаа ажил үүргийг залгамжлан энэ албанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн нэгэн билээ.
Эрэлч нохойн албанд нохойн төлөөлөгч, дасгалжуулагчаар ажлын гараагаа эхлэж байсан тэрээр анхны үнэрийн санг байгуулах ажлыг санаачлан зохион байгуулж үнэрийн лабораторийн эрхлэгчээр, албаны нохойгоор хар тамхи мансууруулах бодисыг таньж олох ажлыг Монголд нутагшуулсан манай анхдагчдын нэг билээ.
Арга хэмжээний үеэр “Сүлд” чуулга урлагийн тоглолт үзүүлж сонирхуулан түүний гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ нар нь болон цагдаагийн байгууллагын ахмадын төлөөлөл, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны удирдлагууд оролцож ахмад буурайдаа дурсгалын зүйлс гардууллаа.