"ЦАГДАА-ЖОЛООЧ", "ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН" МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2023 оны А/74 дүгээр тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэх “Цагдаа-жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтыг энэ оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч нараас суралцуулж 4 дэх удаагийн төгсөлтөө амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн төгсөлтөөр “Цагдаа-жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх мэргэжил болохыг нотлох QR код бүхий чадамжийн гэрчилгээг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран олгож байгаагаараа онцлог байсан юм.
Сургалтад амжилттай хамрагдаж чадамжийн гэрчилгээ авсан алба хаагч нар нь Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шууд ажлын байран дээр томилогдон ажиллах бөгөөд энэ нь ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Халамжаас хөдөлмөрт” бодлого, “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 3 дугаар зорилт хангагдах олон талын ач холбогдолтой юм. Төгсөлтийн арга хэмжээ нь дотоодын цэргийн хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах үйл ажиллагаатай давхацсан нь баяр дээр баяр нэмсэн үйл ажиллагаа болж гэрчилгээг ДЦШ-ын дарга, бригадын генерал Р.Чингис, ЦДЦСНТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул болон албаны бусад хүмүүс гардууллаа. Гэрчилгээ гардуулах арга хэмжээнд тус төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул сургалтад амжилттай хамрагдаж төгссөн байлдагч нарын цаашдын ажилд нь амжилт хүсэж үг хэллээ.