• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Туршлага судлах, зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

2026-01-13
Туршлага судлах, зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

         Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийнямын урилгаар цагдаагийн бэлтгэл хурандаа, хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор Б.Жаргалсайхан тус төвийн болон Албаны нохойн сургалтын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж өөрийн эрдмийн зэрэг хамгаалсан “Монгол улсад криминалистикийн үнэр судлалын хөгжлийн онол, арга зүйн асуудал” сэдэвт докторын ажлын талаар ярилцаж, гэмт хэрэг илрүүлэх үйл ажиллагаанд албаны эрэлч нохойг ашиглах, үнэрийн харьцуулалтын шинжилгээг хийх, стандартын үнэрийн лаборатори байгуулах, түүнийг эрх зүйн чадамжтай болгох, хууль зүйн үндэслэл холбогдох баримт материал, стандартыг бий болгох талаар  алба хаагчдад туршлага судлуулах, зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

            Тус төвийн Албаны нохойн сургалтын хэлтэс нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээлгэсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ албаны нохойг эрэл мөрдлөг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис олж илрүүлэх, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслээс урьдчилан сэргийлэх, эргүүл, харуул хамгаалалт, эрэн хайх ажиллагаанд түлхүү ашиглаж байна.

          Уулзалтаар Албаны нохойн сургалтын хэлтсийн Үнэрийн лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, олон улсын цагдаагийн байгууллагын Үнэрийн лабораторийн үйл ажиллагааг нарийвчлан судалж нутагшуулах, гэмт хэргийн газраас бэхжүүлж авсан үнэрийн дээжээр дата бааз үүсгэж гэмт хэрэг илрүүлэлтэд бодитой дэмжлэг үзүүлэх, Үнэрийн лабораторид харьцуулалтын шинжилгээ хийж,  дүгнэлт гаргах, холбогдох байгууллагаар Үнэрийн лабораторийн стандартыг батлуулах зэрэг ажилд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар тохиролцов.