• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-04-17
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь Цагдаагийн албаны тухай хууль, Монгол Улсын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, шийдвэр, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2026 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, байгууллагын чадавх, алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийгмийн баталгааг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

Тус төвөөс энэ оны 04 дүгээр сарын 14-ний өдөр алба хаагчдын дунд “2026 оны нэгдүгээр улирлын сахилга, хариуцлагын зөвлөгөөн, үйл ажиллагааны тайлангийн хурал”-ыг төвийн байранд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Дэд бөгөөд захиргааны удирдлагын хэлтсийн даргаас төвийн үйл ажиллагааны тайлан, алба хаагчдын сахилга хариуцлагын талаар тус тус мэдээлэл хийж, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын баталсан "Хариуцлагаар манлайлъя" аяны хүрээнд “Алба хаагч бүр хамтын ажиллагаа, хариуцлагаар манлайлан, хамт олноороо сахилга, ёс зүйн зөрчилгүй ажиллацгаая” уриалгыг дэвшүүлэн алба хаагчдаар хэлэлцүүлж цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаар санал нэгдэн, уриалгыг баталсан. 

Мөн тус төвд сүүлийн нэг жилийн хугацаанд шинээр томилогдсон алба хаагчдаар цагдаагийн “Тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээ”-г зохион байгуулж, 2026 оны 01 дүгээр улирлын ажлын үр дүнгээр хамт олноо хошуучлан ажилласан, спортын өндөр амжилт гаргасан офицер, ахлагч 3 алба хаагчийг төвийн даргын  “Баярын бичиг”-ээр шагналаа.

Зөвлөгөөнийг хааж төвийн даргаас цагдаа дотоодын цэргийн анги, байгууллагаас 2026 онд дэвшүүлсэн зорилтыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллахад цаашид анхаарах асуудлын талаар хэлтсийн дарга болон алба хаагч нарт үүрэг, ажлын чиглэл өгч “Чингүн оюуны урлан” төрийн бус байгууллагын зөвлөх, сэтгэл судлаач, доктор П.Байгалмааг урьж “Гэр бүлийн харилцаа” сэдвээр сургалт зохион байгууллаа