“Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлэх, шалгах арга” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
Монгол улсын Засгийн газраас 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.3-т “Мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж заасан.
Монгол Улсын төр мансууруулах бодисын талаарх олон улсын санал, санаачилга болон үүрэг, зорилтыг хангахын төлөө хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд 2002 онд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг баталж, 2002 онд баталсан Эрүүгийн хуульд дээрх төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг бий болгож, 2000-2005 онд “Хар тамхи, мансуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн.
Сүүлийн жилүүдэд БНХАУ, ОХУ болон Зүүн өмнөд Азийн орноос амфетамин, метамфетамины төрлийн болон мансууруулах ургамлын гаралтай бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, зарж борлуулсан гэмт хэрэг, зөрчлийн тоо ихсэх болсон бөгөөд гэмт хэрэг зөрчилд холбогдогчдын 80 гаруй хувь нь 25-35 насны залуучууд эзэлж байна
Хар тамхитай холбоотой гэмт хэрэг нийгэмд өсөн нэмэгдэж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иймд “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг алба хаагч нарт зориулсан “Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлэх, шалгах арга” сэдэвт сургалтыг энэ оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэж 3 хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байна.
Сургалтаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх арга, тактик, мөрдөн шалгах ажиллагааны талаархи мэдлэгийг алба хаагчдад олгох юм.