ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ДЭД ХУРАНДАА Г.НЭРГҮЙ АГСАНЫ НЭРЭМЖИТ “АЛДРЫН БУЛАН ”-Г БАЙГУУЛАВ
Монгол улсын цагдаагийн байгууллагад Эрэлч нохой алба үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ой 2019 онд тохиож байна.
Энэхүү албанд ажиллаж идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны ар гэрээс санаачлан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эрэлч нохойн албыг хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын албаны нохой сургах арга барилыг өндөр түвшинд нутагшуулах, алба хаагч болон эрэлч нохой сургах, албаны нохойн тэмцээн уралдаан зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Г.Нэргүй сан”-г байгуулсан юм.
Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсан нь 1974-1984 оныг хүртэл нохойн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа иргэд байгууллагад учирсан 160 гаруй сая төгрөгний хохиролтой 130 гаруй хэргийг эрэлч нохой Русланы хамт халуун мөрөөр илрүүлэн ажиллаж байжээ.
Энэ онд тохиох Эрэлч нохойн албаны түүхт ойг угтан бүтээлч ажлын хүрээнд дээрх сангаас санаачлан төвийн хурлын танхимд Г.Нэргүй агсны "Алдрын булан" байгуулан ажиллаж байна.
Дээрх “Алдрын булан”-д Г.Нэргүй агсан болон түүний хөтөлж байсан “Руслан” дуудлагатай нохойтой холбоотой дурсгалын зүйл, гавьяа шагналууд, мөн тус албанд ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнуудын гэрэл зураг, гавьяа, түүхэн замналыг харуулсан үзүүлэн зэргийг байршуулан алдаршуулж байна.