• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Иргэдийг тусгаарласан байруудыг Дотоодын цэргийн хамгаалалтад авчээ.

2020-03-17
Иргэдийг тусгаарласан байруудыг Дотоодын цэргийн хамгаалалтад авчээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолыг үндэслэн шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор дотоодын цэргийн анги, байгууллагын жижүүрлэлтийн алба болон улсын онц чухал объектын харуул, хамгаалалтыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хүч нэмэгдүүлэн зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд байгууллага бүрт хариуцлагатай эргүүл, жижүүрийг 24 цагаар томилон, дотоодын хяналт-шалгалтыг нэмэгдүүлж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, албаны бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Дотоодын цэргийн командлагч, Дотоодын цэргийн штабын даргын шйидвэрээр Дотоодын цэргийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт /шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах/-ыг хэрэгжүүлж байгаа юм.

Шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн хяналтын шатанд ажиглалтад авах иргэдийг байрлуулсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Батлан хамгаалах яамны харъяа “Бага баян” амралтын тусгаарлах байрыг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Энхсаран” сувиллын тусгаарлах байрыг мөн оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус түр хамгаалалтад авч, анги, тусгай салбараас алба хаагчид томилогдон ажиллаж байна.

Мөн Дотоодын цэргийн тухай хуулийн 13 дугаар зүйл /нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх/-ыг хэрэгжүүлж, орон нутаг дахь дотоодын цэргийн тусгай салбар /салаа/-аас алба хаагчдыг томилон, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэж байна гэж Дотоодын цэргийн штабаас мэдээллээ.