Коронавирусийн хоёрдахь давалгаа эхэлсэн гэлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууддаа баярын мэнд хүргэе. Голомтод ажиллаж байгаа бүх эмч нар маань Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлсэн илүү цагийн цалингаа авч байгаа. Коронавирусын өвчлөл 201 оронд бүртгэгдсэн. Ялангуяа АНУ-д эрчимтэй тархаж 14 минутад нэг хүн энэ халдварыг авч, 20 минутад нэг хүн эндэж байна. Манай улсад нийт 12 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн. Дэлхий даяар "COVID-19"-ийн хоёр дахь давалгаа эхэлсэн гэж ДЭМБ мэдэгдэж байна. Дэлхий дахинаа хувийн хамгаалах хэрэгслийн дутмагшил болсон тул хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй. Мөн коронавирусийг гэрээрээ эмчилнэ гэх явдал их байна. Хүмүүс интернэтээс харсан баталгаагүй мэдээлэлд итгэж, эмч мэргэжилтнүүдийн ажилд хүндрэл учруулахгүй байхыг хүсэж байна"
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: "Нийт 57544 тохиолдол бүртгэгдэж, 26654 нас баралт бүртгэгдсэн. Тохиолдлын тоогоор Итали, Испани, АНУ-ууд БНХАУ-ыг давсан. БНСУ-д өдөрт дунджаар шинээр 100 тохиолдол бүртгэгдэж байна. БНХАУ болон БНСУ-коронвирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж, хоёр дахь лавлагаа эхэлснийг ДЭМБ-аас анхааруулж буй. Вьетнам, Сингапур улсад халдварын тохиолдол огцом нэмэгджээ. БНХАУ коронавирусийн халдвар импортлогдон орж ирэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг авч байна. ДЭМБ-аас Япон улсад зохиогдох "Токио-2020" олимпийг нэг жилээр хойшлуулсан шийдвэрийг өнгөрөгч долоо хоногт гаргасан. ДЭМБ-аас тохиолдол болон хавьтлыг эрт тусгаарлах арга хэмжээг зөвлөж байгаа. Энэ тухай товхимлыг гаргасан. Энэ бидэнд их тустай гарын авлага болж байна"
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: "Тусгаарлан ажиглах байранд нийт 3883 хүн хяналтад ажиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар 2434 иргэн ажиглалтад байна. Энэ ажиглалтад нийт 320 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамт тусгаарлагдан тусламж үйлчилгээг үзүүлж буй. Галт тэргэнд хоногтоо 11-19 эмч, эмнэлгийн мэргэжилтэн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн 24 цагийн дотор 2369 зорчигчдод эрүүл мэндийн тусламж үзүүлсэн. Тусгаарлах байранд байгаа хүмүүст Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Амгалан амаржих газрын эмч нар дуудлагаар тусламж үйлчилгээг үзүүлсэн. Бид эмчилгээ оношилгоог ДЭМБ-аас гаргасан зааврыг мөрдлөг болгон, бусад орны туршлагад үндэслэн, Монголын анагаахын шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтран зөвлөмж заавар, удирдамжийг гарган мөрдөж ажиллаж буй. Тусгаарлах байранд байгаа иргэд сэтгэлзүйн зөвлөгөө авах шаардлагатай үед Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч нар дуудлагаар очиж зөвлөгөө өгч байгаа. Бид ДЭМБ-аас гаргасан зааврыг мөрдлөг болгож ажиллаж байгааг энд онцолмоор байна. Энэ бол аюултай халдварт өвчин учраас эрт тусгаарлан эмчлэх шаардлагатай. Гэтэл сүүлийн үед хэн нэгэн судлаач, сонирхогчид "Халдварыг хурдан эмчилж чадна" гэхчлэн цахим хуудаснаа попорч бидний үндсэн ажлыг хийхэд саад болж байна. Бид дэлхийн улс орнуудад хэрэглэж байгаа нотолгоонд суурилан өвчтнүүдээ эмчилж байгаа. Нийгмийн сүлжээгээр бусдад танигдах гэсэн хүмүүс коронавирусийг зайнаас эмчилнэ, цахимаар эмчилнэ гэх зэргээр худал мэдээлэл тарааж бидний ажилд хүндрэл учруулж байна"
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Энэ сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт коронавирусийн сэжигтэй таван хүнийг тусгаарлан, шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ, Дархан, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нийт 32 хүнээс коронавирус илрээгүй. Өнгөрсөн шөнө орон нутаг болон ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Дархан-Уул аймагт коронавирусийн шинжилгээ, оношлогоог хийх боломжтой болжээ. ХӨСҮТ шиг лабораторитой болсон. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал сайн байгаа" гэлээ.