Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавиарай
“Covid-19” өвчний улмаас дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн нийт оюутан, сурагчдын 99 хувь буюу 1.7 тэрбум[1] хүүхдийн танхимын хичээл тасалдаад байна.
Хүүхдүүдийн хичээл, сургууль тасалдсантай холбоотой нийгэм, эдийн засгийн олон асуудал үүсч байгаа бөгөөд дэлхийн цөөнгүй улсад дижитал хэлбэрээр хичээлийг үргэлжлүүлж байна.
Үүнээс шалтгаалан хүүхдүүдийн интернэт хэрэглээ нэмэгдэж, цахим орчинд өнгөрөөх хугацаа уртассан. Манай улсад ч ийм нөхцөл байдал үүссэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавихад анхаарал хандуулах зүй ёсны шаардлага бий болоод байна.
ДЭМБ-ын судалгаагаар жил бүр 200 сая хүүхэд бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн золиос болдог байна. Үүний тодорхой хувь нь цахим орчинд үйлдэгдэж, жилээс жилд хувь хэмжээ нь нэмэгдэж байгаа бөгөөд интернэт орчин нь мөлжлөг, хүчирхийллийн талбар болж байна. Тийм учраас цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг бүхий л түвшинд авч үзэх шаардлагатай.