• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ИНТЕРПОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2022-10-05
ИНТЕРПОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын "Манлайлагч" буюу "Leader" төслийн менежер ноён Растислав Сасик тэргүүтэй төлөөлөгчид төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцах зорилгоор энэ оны 10-р сарын 03-наас 05-ны өдрүүдэд Цагдаагийн Ерөнхий газарт ажлын айлчлал хийж байна. Интерполын гишүүн орнуудын цагдаагийн байгууллагуудын цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцсан нэгжийн алба хаагчдын чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зорилго бүхий тухайн төслийн хүрээнд 2020 оноос хойш Монгол Улсын цагдаагийн байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцсан алба хаагчид гадаад улсад зохион байгуулагдсан болон цахим хэлбэрээр явагдсан шат дараалсан сургалтуудад хамрагдаж, цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглагддаг техник, хэрэгслүүдийг хүлээн авлаа.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Бригадын Генерал Ц.Ням-Очир өнөөдөр Интерполын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр Интерполын төлөөлөгчид манай улс дахь төслийн хэрэгжилт, үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Интерполоос ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж буй хэд хэдэн сургалтад хамруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.