ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа. Тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн үнэлгээ, судалгааны хэлтсийн дарга Т.Наранцэцэг нар оролцлоо. Төвийн “Тэргүүний алба хаагч”, “Тэргүүний хамт олон”, “Хамгийн хамгийн” номинациа шалгаруулж, шагналыг гардуулав. Байгууллагын 2022 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, ирэх 2023 онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний зорилтоо тодорхойлж, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газраас зохион байгуулсан “Их оюуны шийдэл” хэмээх шилдэг санал, санаачилга, төсөл, бүтээл шалгаруулах уралдаанд “Үнэр-2 багаж” бүтээлээрээ амжилттай оролцож, Дэд байранд шалгарч, бүтээлийг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн тус төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн Үнэрийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч Ц.Алтанцоож, мөн хэлтсийн лаборант Ш.Бямбадорж нарыг мөнгөн шагналаар шагналаа.
Тайлангийн хурлын үеэр Мэргэжлийн чиглэл, индексэд заасан “Цагдаа”, “Гэрээт харуул, хамгаалалтын ажилтан”, “Албаны нохой сургагч, хөтлөгч”, “Цагдаа-жолооч” сургалтуудыг зохион байгуулах, сургалтуудад хөндлөнгийн баталгаажуулалт, төгсөлтийн үнэлгээг хийлгүүлэх зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр Нийгмийн хамгааллын, Сургалт, Үнэлгээ, судалгааны институттэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлд бүртгэсэн гэрчилгээг гардуулах арга хэмжээ болсон нь онцлох үйл явдал байлаа. Тэргүүний алба хаагчаар шалгарсан болон шагнал хүртсэн алба хаагчдадаа баяр хүргэж ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.