ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СУРГАЛТЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ.
Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга бригадын генерал Т.Бадрал, Санхүү хангалт үйлчилгээний газрын дарга, онцгой байдлын хурандаа Р.Бадам, сургалтын мэргэжилтэн З.Баттулга нар Сургалтын төв дээр зочилж цагдаагийн алба хаагчдын давтан болон мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, сургалтын анги танхимуудтай танилцаж, сургуультай нохдын үзүүлэх тоглолтыг үзэж сонирхлоо.
Шинэчлэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулиар “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, захиргааны зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон авран хамгаалах зорилгоор албаны нохой ашиглах болсонтой холбогдуулан тус төвийн Албаны нохойн сургалтын хэлтэст төөрсөн хүн, цогцос эрэн хайх чиглэлийн нохойг сургаж эхэлж байгаа юм.
Онцгой Байдлын Ерөнхий Газар нь аврах эрэн хайх ажиллагааны чиглэлээр албаны нохойг үйл ажиллагаандаа ашиглахаар төлөвлөж буйтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий Газрын Нохойн сургуулийг байгуулах, нохойн дасгалжуулагч, мэргэжилтэн болон сургуультай нохдыг бэлтгэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвтэй хамтран ажиллахаар болов.