“ХААНЫ ЭРЭЛД-2026” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН ДУНД ШАТНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Монгол Улсын Зэвсэгт хүчин болон Америкийн Нэгдсэн Улсын Энэтхэг-Номхон далай дахь цэргийн командлал хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн дунд шатны төлөвлөлтийн хурал эхэллээ.
Тус хурал 03 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, “Хааны эрэлд-2026” сургуулийн команд штабын сургууль (CPX), салаадын хээрийн сургууль (FTX), чадавхыг нэмэгдүүлэх (2CE) сургалтуудын бүтэц, зохион байгуулалт, оролцогчдыг тодруулж, бэлтгэл ажлын төлөвлөлтийг хийж байна.
Энэ удаагийн төлөвлөлтийн хуралд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Даваажав, ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Мөнхбат нар оролцож, ЗХЖШ болон АНУ-ын Зэвсэгт хүчний төлөөлөлтэй цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг сургалтад оролцуулах асуудлаар санал солилцлоо.
“Хааны эрэлд” олон улсын сургууль нь оролцогч улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэлийг сайжруулах, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин, Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, энхийг дэмжих ажиллагааны чадавх, бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.