• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

АЛБАНЫ НОХОЙ, МОРЬ СУРГАЛТЫН ХЭСЭГ

2015-05-11

Монгол улсын цагдаагийн байгууллагад гэмт хэрэг илрүүлэхэд тусгайлан сургасан албаны нохойг ашиглаж эхлээд 71 дэх жилтэйгээ золгож байна. 1944 онд ДЯЯ-ны сайдын 12 тоот тушаалаар Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Гүйцэтгэх хэлтэст 4 дүгээр тусгай тасгийг байгуулж хээ шинжилгээний 2 /криминалистикийн/ эрэлч нохойн чиглэлээр 9 орон тоог батлаж ажиллуулж эхэлснээр тус албаны түүх эхэлдэг юм. 1944 оноос 1990 он хүртэл мэргэжлийн боловсон хүчнээ ОХУ-д 8 жилийн давтамжтайгаар бэлтгэж, Улаанбаатар хотод болон орон нутгийн цагдаагийн хэлтсүүдэд томилон ажиллуулж ирсэн. 1992 онд Төв аймгийн Лүн суманд байрлаж байсан Хилийн ба Дотоодын цэргийн 0267 дугаар тусгай салбар /нохойн төв сургууль/-ыг Улаанбаатар хотод телевизэд байрлаж байсан Эрэлч нохойн групптэй нэгтгэн, ЦЕГ-ын Албаны нохойн тасгийг байгуулж, цагдаагийн төв болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд  ажиллах боловсон хүчин болон албанд хөтлөх нохойгоо дотооддоо бэлтгэж эхэлсэн болно.  

  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 229  тоот тушаалаар Сургалт, дадлагын төвийн албаны нохой, морь сургалтын хэсэг болон өөрчлөгдөж хэсгийн дарга, үнэрийн лабораторийн эрхлэгч, ахлах сургагч, сургагч, мал, амьтны их эмч, мэргэжилтэн, нохойн туслах төлөөлөгч, морь сургагч, морь хариуцсан цагдаа, жижүүрийн цагдаа, цагдаа-жолооч, нохойн хоолны тогооч, маллагч, сантехникийн засварчин, үйлчлэгчийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тус хэсэг нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

           Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн албанд албаны нохойн туслах төлөөлөгчийг албаны нохойн хамт 3 ээлжээр үүрэг гүйцэтгүүлэн албаны нохойг эрлийн чиглэлээр гэмт хэрэг учралын газарт  шууд ба шууд бус хэлбэрээр ашиглаж гэмт хэрэг илрүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

          Албанд “Малиуна”, ”Лабрадор”, “Спанель”, “Герман овчарка”  үүлдрийн нохдыг эрлийн, эргүүл хамгаалалтын, үнэрийн лабораторийн, хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх чиглэлээр сургаж албанд ашиглаж байна.       

         Албаны нохой, морь сургалтын хэсэгт албаны нохойг хар тамхи, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх сургалтад ашиглах, “Тэсэрч дэлбэрэх бодис орлуулагч”, “Хар тамхи, мансууруулах бодис орлуулагч” 2 ширхэг иж бүрдэл бүхий цүнхийг 2014 онд   ОХУ-аас худалдан авч сургалтад ашиглаж байна.

          Албаны морьдын зүчээнд  байрлан маллагдаж байгаа адуунуудыг дулааны улиралд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хэв журмын газраас морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэхэд албаны морьдыг ашиглаж байна.