• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

2018-12-11

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолын хавсралт

 

 

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

 

Нэг. Хөтөлбөрийн зорилго

1.1.Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Хоёр. Хөтөлбөрийн зорилт

2.1.Энэхүү хөтөлбөрийн 1.1-д заасан зорилгод хүрэхийн тулд дараахь зорилтыг үе шаттай хэрэгжүүлнэ:

2.1.1.шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх;

2.1.2.төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлж чанар хүртээмжийг нь сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх;

2.1.3.төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх;

2.1.4.худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх;

2.1.5.шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагааг сайжруулах;

2.1.6.авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх;

2.1.7.авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих;

2.1.8.иргэний мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангах, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх;

2.1.9.улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхол, нөлөөллөөс ангид байлгах;

2.1.10.шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх;

2.1.11.авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын байгууллагын санал, зөвлөмжийг авч хэрэгжүүлэх.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

3.1.Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна дараахь зарчмыг баримтална:

3.1.1.хууль дээдлэх зарчим: Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг дээдэлж, түүнийг хэлбэрэлтгүй сахин биелүүлдэг байх;

3.1.2.хариуцлагатай байх зарчим: Сонгогдсон, эсхүл томилогдсон эсэхээс үл хамааран албан тушаалтан хариуцлага хүлээдэг байх;

3.1.3.ил тод, нээлттэй байх зарчим: Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх, иргэн, хуулийн этгээд хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг бүрдүүлэх;

3.1.4.нийтийн ашиг сонирхлыг дээдлэх зарчим: Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг бусад ашиг сонирхлоос илүүд үзэн, албан тушаалаа өөрийн болон хамаарал бүхий этгээдийн ашиг олох хэрэгсэл болгохгүй байх;

3.1.5.хамтын ажиллагаа уялдаа холбоотой байх зарчим: Авлигын эсрэг үйл ажиллагаанд оролцогч байгууллага хамтран ажиллаж, хүрэх зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг нэгтгэн тодорхойлж, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх;

3.1.6.төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийн зарчим: Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоо чухал болохыг харилцан хүлээн зөвшөөрөх.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1.Хөтөлбөрийг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:

4.1.1.Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг дээшлүүлэх

Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх зорилтыг хангах чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.1.1.төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилох тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх;

4.1.1.2.нийтийн албанд томилогдох албан тушаалтны ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, албан тушаалтныг мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг баримтлан томилох, дэвшүүлэх;

4.1.1.3.олон улсын жишигт нийцсэн гүйцэтгэлийн үнэлгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, нийтийн албан тушаалтны үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх, хариуцлага тооцох арга, хэлбэрийг шинэчлэн тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

4.1.1.4.төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх асуудлыг төрийн өндөр албан тушаалтан болон улс төрийн намын нөлөөллөөс ангид байлгах;

4.1.1.5.авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг баталж, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж хэвшүүлэх;

4.1.1.6.нийтийн албаны ёс зүйн үлгэрчилсэн дүрмийг батлах, ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх, шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, тайлагнах, хэлэлцүүлэх ажлыг хэвшүүлэх;

4.1.1.7.нийтийн албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх арга хэлбэрийг тодорхой болгож, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх;

4.1.1.8.шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгох, гарсан сөрөг үр дагаврыг арилгах, учруулсан хохирлыг төлүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх;

4.1.1.9.төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, мэдээлэл солилцох нөхцөл боломжийг сайжруулах;

4.1.1.10.нийтийн албаны сургалтын институт байгуулах, албан тушаалтныг давтан сургах боломжийг бүрдүүлэх.

4.1.2.Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх

Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх, чанар хүртээмжийг нь сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.2.1.төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэн, цахим үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэх;

4.1.2.2.зөвшөөрөл олгох журмыг хялбарчилж, түүнд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлэх, зарим төрлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх;

4.1.2.3.олон улсын стандарт хангасан бараа, бүтээгдэхүүнийг дотоодын стандартаар шалгадаг зохицуулалтыг өөрчлөх, шаардлагагүй стандартыг хүчингүй болгох;

4.1.2.4.эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалт болон аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх, хяналт шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах, чиглэлийг цөөрүүлэх замаар төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох;

4.1.2.5.төрийн үйлчилгээний шударга, ил тод, нээлттэй байдлын талаархи судалгааг тогтмол хийж, үр дүнг үйл ажиллагаандаа ашиглах;

4.1.2.6.өргөдөл, гомдол, мэдээлэл өгөх ил тод, нээлттэй суваг ажиллуулах, өргөдөл, гомдол, мэдээллийг цахим хэлбэрээр гаргах, шийдвэрлэх, хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэх;

4.1.2.7.төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийх, албан хаагчийн үйл ажиллагааг иргэн үнэлэх тогтолцоог нэвтрүүлж, үйлчилгээг сайжруулах.

4.1.3.Төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх

Төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.3.1.улсын болон орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг мөрдүүлэх;

4.1.3.2.төсвийн төлөвлөлтийн үр ашигтай байдал, гүйцэтгэл, зарцуулалтын хөндлөнгийн хяналт, хариуцлагыг дээшлүүлэх;

4.1.3.3.Засгийн газрын тусгай сангийн санхүүжилт, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох;

4.1.3.4.төсвийн төсөл хэлэлцэхэд олон нийтийн оролцоог хангах;

4.1.3.5.банк, санхүүгийн байгууллагын санхүү, зээлийн бодлогыг боловсронгуй болгож, давуу байдлаа ашиглан иргэн, аж ахуйн нэгжид хүндрэл учруулдаг байдлыг таслан зогсоох;

4.1.3.6.нийтийн албаны санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагаа, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох;

4.1.3.7.аудитын дүгнэлтийн дагуу авах арга хэмжээ, хариуцлагын тогтолцоог сайжруулах;

4.1.3.8.аудитын үйл ажиллагааг хараат бус, хуулийн дагуу гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, шаардлагатай зарим тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад улсын аудитын хуулийн этгээдийг ажиллуулах эрх зүйн орчинг бий болгох;

4.1.3.9.төрийн аудитын байгууллагын хараат бус байдал, чадавхийг бэхжүүлэн аудитын чанар, үр нөлөөг дээшлүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүлэх;

4.1.3.10.төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжийг олон нийтэд ил тод мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгож, нийтийн алба, албан тушаалтны үйл ажиллагаа, түүний үр дүнг иргэд, олон нийтийн хяналтад оруулах.

4.1.4.Худалдан авах ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх

Худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.4.1.тендерийн үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх;

4.1.4.2.тендер шалгаруулалтын талаар гарсан гомдлыг хянан шийдвэрлэх журмыг шинэчлэх, гаргасан шийдвэр, дүгнэлтийг олон нийтэд ил тод болгох;

4.1.4.3.худалдан авах ажиллагааны бодлого, төлөвлөлтийг сайжруулж, ил тод болгох, олон нийтээр урьдчилан хэлэлцүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;

4.1.4.4.концесс, гэрээ шууд байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох;

4.1.4.5.санхүүгийн үйл ажиллагаан дахь хөндлөнгийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх.

4.1.5.Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагааг сайжруулах зорилтыг хангах чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.5.1.шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрийн нам, бүлгээс хараат бус ажиллах, шүүгч, прокурорыг сонгон шалгаруулах, томилох үйл явцыг улс төрийн оролцоо, нөлөөллөөс ангид, шударга, ил тод явуулах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

4.1.5.2.шүүхийн удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмыг бүх шатанд нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

4.1.5.3.шүүгч, прокурорын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх;

4.1.5.4.авлига, албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлтийн мэдээлэлд дүгнэлт хийх тогтолцоог бүрдүүлэх, энэ талаархи эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

4.1.5.5.цахим сүлжээг ашиглах, байнгын ажиллагаатай утас ажиллуулах замаар авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээллийг авах, мэдээлэл өгч байгаа иргэнийг урамшуулах тогтолцоог бүрдүүлэх;

4.1.5.6.мэдээлэл өгч байгаа иргэн, сэтгүүлчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх;

4.1.5.7.авлигатай тэмцэх байгууллагын чадавхийг бэхжүүлэх;

4.1.5.8.авлигын эсрэг үйл ажиллагаанд мэдээллийн орчин үеийн технологийг ашиглах, авлига, албан тушаалын гэмт хэргийн илрүүлэлтэд шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэх;

4.1.5.9.авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтэд тавих олон нийтийн хяналтыг сайжруулах зорилгоор хууль сахиулах байгууллагыг нэгдсэн мэдээллийн сантай болгох;

4.1.5.10.үйлдэгдэж байгаа авлига, албан тушаалын гэмт хэрэг болон түүний шийдвэрлэлтийн талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олон нийтэд тогтмол мэдээлэх;

4.1.5.11.хууль сахиулах байгууллагын алба хаагчийн авлига, албан тушаалын гэмт хэргийг олж илрүүлэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх талаархи мэдлэг туршлага, ур чадварыг сайжруулах;

4.1.5.12.хууль сахиулах байгууллагын алба хаагчийн давтан сургалтын хөтөлбөрийн агуулгад авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэх асуудлыг тусгаж, хэрэгжүүлэх;

4.1.5.13.хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтны хүрээг оновчтой тогтоож, мөрдөх;

4.1.5.14.хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг боловсронгуй болгож, мэдүүлгийг цахим хэлбэрээр хүлээн авах тогтолцоонд бүрэн шилжүүлэх;

4.1.5.15.аливаа хууль бус нөлөөлөл, түүний хэлбэрүүдийг тодорхойлж, түүнд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох;

4.1.5.16.хууль тогтоомж болон захиргааны хэм хэмжээний актын төсөлд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санал, зөвлөмж гаргах тогтолцоог бүрдүүлэх;

4.1.5.17.хахууль өгсөн хүн эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, зарим нэр томьёог хуульчлан тодорхойлох.

4.1.6.Хувийн хэвшил дэх авлигын эрсдэлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтыг хангах чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.6.1.хувийн хэвшлийн байгууллагуудын авлигын эсрэг сүлжээний үйл ажиллагааг дэмжих, дэлхийн эдийн засгийн форумын авлигын эсрэг түншлэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх;

4.1.6.2.хувийн хэвшлийн байгууллагуудыг чадавхжуулж, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн заагийг тодорхойлох;

4.1.6.3.төр, хувийн хэвшлийн болон хувийн хэвшил хоорондын авлигаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг өргөжүүлж, аливаа санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах;

4.1.6.4.картель, шударга бус өрсөлдөөнийг хязгаарласан эрх зүйн орчинг сайжруулах;

4.1.6.5.олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах.

4.1.7.Иргэний нийгмийн байгууллагын идэвх санаачилга, оролцоог дэмжих

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих зорилтыг хангах чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.7.1.төрийн бодлого боловсруулах, хэлэлцэх, батлах зэрэг шийдвэр гаргах бүх шатанд тухайн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах замаар авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийн байгууллагын оролцоог дэмжих;

4.1.7.2.төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох чиглэлээр Төрийн бус байгууллагын тухай хуулийг боловсронгуй болгох;

4.1.7.3.төрийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага хяналт тавих боломжийг бий болгох, төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, санхүүжилтийг ил тод, үр ашигтай зарцуулах, түүнд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх;

4.1.7.4.орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулан ажиллуулах;

4.1.7.5.авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх;

4.1.7.6.авлигын улмаас төр, иргэн, олон нийтийн эрх ашигт эдийн засгийн хохирол учруулсан бол тухайн этгээдийн өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр хохирлыг нөхөн төлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг төрийн бус байгууллагад олгох, уг нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгох, авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгахад мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын туслалцааг авах.

4.1.8.Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх

Иргэний мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.8.1.хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлэл олж авах, түгээх эрхийг баталгаажуулах;

4.1.8.2.эрэн сурвалжлах замаар авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлсэн сэтгүүлчийг аливаа дарамт, шахалтаас хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагааных нь улмаас эрүүгийн хариуцлагад татах явдлыг өөрчилж, аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг бий болгох;

4.1.8.3.хэвлэл мэдээллийн байгууллагын бие даасан, хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх;

4.1.8.4.төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд аливаа нийтлэл, нэвтрүүлэг, зар сурталчилгаа, мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхтэй холбоотой үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах;

4.1.8.5.сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй зөрчсөн асуудлыг хэлэлцэх, холбогдох хариуцлага тооцох чиглэлээр ажиллах Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах.

4.1.9.Улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх

Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхол, нөлөөллөөс ангид байлгах зорилтыг хангах чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.9.1.улс төрийн намын санхүүжилт, түүний тайланг олон нийтэд ил тод, нээлттэй болгох чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх, хууль бус санхүүжилт авахгүй байх, сонгуулийн санхүүгийн тайлан гаргах, түүнд хийсэн аудитын дүгнэлтийг мэдээлэх зэрэг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан зохицуулах замаар улс төрийн намын санхүүжилтийн үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоог сайжруулах, хуульд байгаа зохицуулалтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх;

4.1.9.2.Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намын санхүүгийн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, мэдээлэх тогтолцоо бүрдүүлэх;

4.1.9.3.төрөөс олгох улс төрийн намын санхүүжилтийг хүртээмжтэй болгож, Улсын Их Хуралд суудалгүй намуудыг төлөвших, санхүүгийн хувьд ашиг сонирхлын бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;

4.1.9.4.Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг боловсронгуй болгох;

4.1.9.5.төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг сайжруулж, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан төрийн өндөр албан тушаалтны эрхийг түдгэлзүүлэх, огцруулах, эгүүлэн татах эрх зүйн орчинг бүрдүүлэх;

4.1.9.6.улс төрийн намын удирдах албан тушаалтны хөрөнгө, орлогын байдалд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх;

4.1.9.7.төрийн бодлого, шийдвэр гаргахад нийгмийн сонирхлын бүлэг, иргэн оролцох, нөлөөлөх /лоббидох/ эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

4.1.9.8.улс төрийн хариуцлагыг дээшлүүлэх, ил тод байдлыг хангахад иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх.

4.1.10.Авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх

Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.10.1.авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх;

4.1.10.2.боловсролын байгууллага болон гэр бүлээр дамжуулан авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ зохион байгуулах, авлигын эсрэг боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах;

4.1.10.3.зорилтот бүлэгт зориулсан сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах, авлигыг үл тэвчих хандлагыг бий болгоход чиглэсэн сургалтыг үе шаттай зохион байгуулах, цахим сүлжээг ашиглах;

4.1.10.4.авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшийг бэлтгэх, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;

4.1.10.5.авлигын эсрэг сайн туршлагыг олон нийтэд түгээх.

4.1.11.Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх

Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын байгууллагын санал, зөвлөмжийг авч хэрэгжүүлэх зорилтыг хангах чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.11.1.Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын /цаашид “НҮБ” гэх/ конвенцийг эрх зүйн харилцан туслалцааны үндэслэл болгон хэрэглэх, эрх зүйн харилцан туслалцааны гэрээг бусад улс оронтой байгуулах ажлыг эрчимжүүлэх, дотоодын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах;

4.1.11.2.Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх чиглэлээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон бусад олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

4.1.11.3.гадаад улсын авлигатай тэмцэх болон хууль сахиулах байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас гадаад улсад гарсан хөрөнгийг буцаан авахтай холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулах;

4.1.11.4.авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг харилцан шилжүүлэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах;

4.1.11.5.авлигын эсрэг олон улсын сүлжээ, санал санаачилгыг дэмжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Тав. Хөтөлбөрийн хугацаа, үе шат, хүрэх үр дүн

5.1.Хөтөлбөрийг 6 жилийн хугацаанд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

5.1.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэг дэх үе шат /2016-2019 он/:

5.1.1.1.авлигатай тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нийтийн албанд цогц шинэтгэл хийх үйл ажиллагаа эрчимжсэн байх;

5.1.1.2.төрийн байгууллагын авлигын эрсдэлийг үнэлэх ажиллагаа хэвшсэн байх;

5.1.1.3.авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ ахисан байх;

5.1.1.4.төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн байх;

5.1.1.5.шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын авлигын эсрэг хамтын ажиллагаа сайжирсан байх;

5.1.1.6.төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлж эхэлсэн байх;

5.1.1.7.хувийн хэвшил дэх авлигын эрсдэлийг бууруулж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагаа сайжирсан байх;

5.1.1.8.шударга ёсны үзэл санаа нийгэмд төлөвшиж, иргэн өөрт учирч байгаа хүндрэл, бэрхшээлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлдэг байх нийгмийн сэтгэлгээ, хандлага өөрчлөгдсөн байх;

5.1.1.9.хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлага дээшилсэн байх;

5.1.1.10.“Транспарэнси Интернэшнл” байгууллагын судалгаагаар Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн үзүүлэлт сайжирсан байх;

5.1.1.11.төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ сайжирсан байх;

5.1.1.12.улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээний авлигын төсөөлөлд эерэг өөрчлөлт гарсан байх.

5.2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр дахь үе шат /2020-2023 он/:

5.2.1.“Транспарэнси Интернэшнл” байгууллагын судалгаагаар Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн үзүүлэлт өмнөх үзүүлэлтээс сайжирсан байх;

5.2.2.төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ өмнөх үзүүлэлтээс өссөн байх;

5.2.3.улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээний авлигын төсөөллийн судалгааны дүн сайжирсан байх;

5.2.4.төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдал хангагдсан байх;

5.2.5.улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээнд авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шалгах, мэдээлэгчийг хамгаалахад иргэн хяналт тавих бололцоо бүрдсэн байх;

5.2.6.авлигад илүү өртсөн салбаруудын болон өндөр түвшний авлигын гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцөлийг бууруулсан байх;

5.2.7.авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, хяналт сайжирсан байх;

5.2.8.төрийн байгууллагад итгэх иргэний итгэл нэмэгдсэн байх.

Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт

6.1.Хөтөлбөрийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

6.1.1.улсын болон орон нутгийн төсөв;

6.1.2.олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламжийн хөрөнгө;

6.1.3.бусад эх үүсвэр.

6.2.Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж батлуулна.

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилт, хяналт-шинжилгээ үнэлгээ, түүний зохион байгуулалт

7.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, авлигатай тэмцэх байгууллага хөтөлбөрийг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:

7.1.1.Улсын Их Хурал хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, хөтөлбөрт тусгагдсан хууль тогтоомжийн төслийг батална;

7.1.2.Монгол Улсын Ерөнхийлөгч хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг ерөнхий удирдлагаар хангана;

7.1.3.Засгийн газар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ;

7.1.4.Авлигатай тэмцэх газрын бүтцэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын алба /цаашид “Ажлын алба”/ ажиллана. Ажлын алба хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, санал зөвлөмж, аргачлал боловсруулах, хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, олон нийтэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэх, хэрэгжилтийн байдлыг үнэлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ;

7.1.5.Авлигатай тэмцэх газар хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийн тайланг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, аргачлалыг Авлигатай тэмцэх газрын дарга баталж, мөрдүүлнэ.

7.2.Үндэсний хөтөлбөрийн мэдээллийн нэгдсэн цахим сан ажиллана.

Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах

8.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор Ажлын албанд хүргүүлнэ.

8.2.Авлигатай тэмцэх газар тайланг нэгтгэн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэн, санал дүгнэлтээ Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулна.

8.3.Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо тайлан, үнэлгээ, санал, дүгнэлтийг хэлэлцэж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгах, ажлаа эрчимжүүлэх талаар чиглэл өгсөн тогтоол гаргаж болно.

8.4.Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл энэхүү хөтөлбөрийн 8.3-т заасан асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж болно.

 

 

--- о0о ---