"ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2019" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит Цагдаагийн байгууллагын "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019" тэмцээнийг энэ оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн уламжлал ёсоор Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын А/242 дугаар тушаалаар Цагдаагийн түр хүрээ байгуулагдлаа.
Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн 311 хэсгийн төлөөлөгч тэмцээнд оролцож мэдлэг, чадвараараа өрсөлдсөнөөс нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/93 дугаар тушаалаар баталсан шалгуур, үзүүлэлтийн болзолыг хангасан 16 хэсгийн төлөөлөгч тэргүүн байрын төлөө өрсөлдөж байна.
Тэмцээн нь алба хаагчдын хууль, эрх зүй, гадаад хэлний мэдлэг, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт, тусгай хэрэгсэл мэх хэрэглэх болон тээврийн хэрэгсэл жолоодох, мал зүслэх, шүдлэх, им тамга нэрлэх зэрэг авхаалж самбаа, тэсвэр хатуужил шалгасан төрлөөр өрсөлдөж "Шилдэг хэсгийн төлөөлөгч"-ийг тодруулах юм.
Тэмцээний эхний өдөр алба хаагчдын хууль, эрх зүй, гадаад хэлний мэдлэгийн шалгалтыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар, тээврийн хэрэгсэл жолоодох, мал зүслэх, шүдлэх, им тамга нэрлэх шалгалтыг “Нарстай” хээрийн сургалтын хэсэгт тус тус зохион байгууллаа.
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээн нь алба хаагчийн мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж шийдвэрлэхдээ бие биенээсээ суралцах, дадлага, туршлага солилцох, мэргэжлийн нэр хүндийг өсгөх, хэсгийн төлөөлөгчийн ажлын онцлогийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
Тэмцээн өнөөдрөөс эхлэн гурван өдөр үргэлжилж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "Шилдэг хэсгийн төлөөлөгч" тодруулна.